Хэний ч өмч болж мэдэх 49 хувь буюу хэний ч өмч биш 49 хувь

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн байна. Улсын дээд шүүхээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ.
Дээд шатны шүүхийн шийдвэр…
Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот болон ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах.
2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүчингүй болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг.
Харин нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.
Хэргийг тойрсон нэг тал…
Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооноос боловсруулсаныг УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
Чуулганд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулж, “Хууль зүйн байнгын хороо 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголиан Коппер Корпорейшн” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажпын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд болон холбогдох бусад албан тушаалтан орж ажиллалаа.
Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, гэрээнүүд, ажлын дэд хэсгийн шалгалтын дүн, материалыг судалж үзээд Монгол Улсын хууль тогтоомжууд зөрчигдсөн гэж үзэн Байнгын хороогоор хэлэлцүүлээд “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ-ын бүрэн эрхэд хууль бусаар халдаж хийгдсэн тул Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж, 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах ёстой” гэж үзсэнээ тайлбарласан.
Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийх замаар төрийн өмчид авах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Дээрх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31, 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Хэргийг тойрсон нөгөө тал…
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд буцааж худалдан авах шийдвэрийг хүчингүй болгов. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөх орой буюу 2016 оны зургадугаар сарын 28-нд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэр болон 50 гаруй уул уурхай, өнгөт металлын орд газрын лиценз эзэмшдэг “Монголросцветмет” ХХК нь 49 хувийг худалдаж авсан тухай мэдэгдэл хийв. Энэ мэдэгдлээс нэг өдрийн өмнө зургадугаар сарын 27-нд тухайн үеийн Сангийн сайд Б.Болор тушаал гаргаж, Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн удирдлагыг тус үйлдвэрийн 49 хувийн хувьцааг дөнгөж аваад байсан “Монголиан коппер корпорейшн”-нд  шилжүүлсэн байдаг.
Харин энэ том асуудлы олон нийт огт мэдээгүй өнгөрүүлсэнээр барахгүй, 2016 оны аравдугаар сард Ц.Нямдорж гишүүнийг мэдэгдэл хийхэд мэдэж байв. Гэтэл монголын улс төрчдөөс иргэд, олон нийтдээ үе үе үзүүлдэг “илбэ” ингээд дуусаагүй юм. Учир нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад буюу олон нийтийн өмчлөлд буцааж худалдан авах шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийг гаргаж амжжээ. УИХ-ын намрын чуулганаар уг үйлдвэрийн 49 хувийг улсад худалдан авах тогтоол гарч, Засгийн газар хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Харин үүний эсрэг “Монголиан коппер корпорейшн” Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасныг Захиргааны шүүхээс бүхэлд нь хүлээж авсан шийдвэр зургадугаар сарын 8-нд гаргасан байна. Тус нэхэмжлэлд дараах шаардлагууд багтсан ба шүүхээс Оюуны өмч улсын бүртгэлийн газарт 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорейшн”-ийг бүртгэх даалгавар өгч байв…
С.Нямдорж

+ There are no comments

Add yours