Ялалт байгуулаагүй ‘өлсгөлөн’

Баянгол дүүргийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд суулт зарлаж, суултаа өлсгөлөнгөөр үргэлжлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Дүүргийн удирдлагынхаа үйл ажиллагааг иргэдэд хүрэхгүй байгааг эсэргүүцсэн, амьдрах эрхийнхээ асуудлыг хөндөж тэмцсэн иргэдтэй дүүргийн Засаг дарга өнөөдөр уулзсан юм.

Эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийн төлөөлөлтэй уулзсан Засаг даргын уулзалт цаг гаруй хугацааг авсаны эцэст өлсгөлөн зарласан худалдаа эрхлэгчид хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч цагаан туг өргөсөн юм. Эрхээ хамгаалж тэмцэгчдийн дүүргийн удирдлагууддаа анхлан тавьсан шалтгаан нь “ Ил задгай худалдаа эрхлэгчдэд боломж олгож, ажилтай орлоготой байхад нь туслана уу. Хэрэв ил задгай худалдаа эрхлэхийг хориглож буй бол эдгээр иргэдийн өрхийн орлоготой байх нөхцлийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөхийг шаардаж, хэрэв эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарласан иргэдийн тоо 100 хүрнэ гэдгийг анхааруулж байсан юм.

Харин энэхүү шаардлагыг дүүргийн удирдах албан тушаалтнууд хүлээн авах бүү хэл иргэдийг өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж, тэр бүү хэл “өлсгөлөнгөө зогсоохгүй зөрүүдлээд байвал үр хүүхдүүдийн чинь нүдийг  сохолно шүү” гэж  үл мэдэгдэх нэгнээр дарамтлуулсан. Тиймээс энэ асуудлаар бид холлбогдох байгууллагад хандаж, бүртгүүлсэн хэмээн эрхээ хамгаалж тэмцэгч иргэдийн зүгээс мэдэгдэж байв. Ийнхүү тал талдаа бухимдалтай хүмүүс уулзаж, цаг гаруй ярилцсаны эцэст 199 цаг өлссөн наймаачид төрийн анхан шатны даргын уулзалт дээр цаашид үргэлжлүүлнэ хэмээж байсан зорилгоосоо ухарч “бүдэрсэн” юм.

Өөрөөр хэлбэл 1.5 сая иргэнтэй нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл ганцхан эмэгтэй удирдагчтай дүүргийнхэний үг хэл, үйлдэл, өлсгөлөн үр дүнд хүрсэнгүй. Эх хүн, эмэгтэй хүн атлаа хүйтний улирал угтсан хөөрхий иргэдийн тэмцэлд тоомжиргүй хандаж, амьдралын төвшин доогуур иргэдэд хүчээ үзүүлэв.

 Дулаахан байшингийн тохьтой албан тасалгаанд налайн доод тушаалтнуудаа өндөр дуугаар захирах засаг даргад халуунд халж, хүйтэнд даарч зогсох өрх толгойлсон эцэг эхчүүдийн амьдрах гэж ядаж байгаа хүсэл эрмэлзэл, эрүүл мэндээ хүртэл золиослоод ч хамаагүй гэр бүлээ өлсгөхгүй дааруулахгүй юмсан гэсэн халуун дулаан сэтгэл хүрсэнгүй. Гар дээрээс бараа зардаг иргэдийн ард хэдэн хүний амьдрал байгааг тэр бодсонгүй. Тэдний ард оюутан, арван жилийн сурагч, 0-9 сартай нялх хүүхэд, өвчтэй эцэх эх байгааг хэн ч тоосонгүй. Жижиглэнгийн бараа зардаг иргэд аргаа барсандаа жагссаныг дүүргийн бүсгүй дарга ойлгосон эсэх нь эргэлзээтэй.  Хүйтэн сэтгэлтэй хүрэл зүрхтэй “хурган” дарга хөөрхий иргэдийнхээ өмнөөс малийтал инээснээс өөр тус болсонгүй. Харин цөхөрсөн иргэд цагаа тугаа өргөж, хүслийнхээ эсрэг буулт хийснээр 199 цагийн өлсгөлөн үр дүнгүй өнгөрлөө гэхэд болох нь.

С.Нямдорж

+ There are no comments

Add yours