ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг агаар, орчны бохирдлоос сэргийлэх сургалтад хамрууллаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Улаанбаатар цэвэр агаар” төсөлтэй хамтран “Дотоод орчны бохирдол, түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн “Агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн 1, 2 дугаар бүсэд байрлах ерөнхий боловсролын 50 сургуулийн багш, нийгмийн ажилтныг хамруулж, дотоод орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс энгийн аргаар хэрхэн хамгаалах талаар нэгдсэн мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны мэргэжилтэн Л.Гүнбилэг төрөөс агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээнүүдийг товч танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан заавар, зөвлөмжийг мэргэжлийн судлаач, эрдэмтэд оролцогчдод тайлбарлан таниулж, агаар, орчны бохирдлын чиглэлээр дагнан судалгаа хийдэг хувийн хэвшлийнхний зүгээс өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн бидний амьдралд түгээмэл илэрч болсон хорт бодисуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Сургалтад хамрагдсан нийгмийн ажилтнууд сургалтаас олж авсан мэдээллээ сургуулийнхаа багш нараар дамжуулан сурагчдад хүргэх бөгөөд иргэдэд хүүхэд ахуй цагаас нь агаар, орчны бохирдол гэж юуг хэлэх, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдлэг эзэмшүүлж, амьдралд нь хэвшүүлэх замаар экологийн боловсрол олгох нь маш үр дүнтэй алхам гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.

+ There are no comments

Add yours