Thursday, April 25 2024

Найман сургууль хоёр ээлжээр хичээллэхээр боллоо

Нийслэлийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд 49 цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн бөгөөд нийт 672 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 77,6% болж өссөн байна. Шинээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн 49 цэцэрлэгийн 13 нь төрийн өмчийн цэцэрлэг бол 36 нь төрийн бус өмчийн хэлбэрээр үүд хаалгаа нээж, хүүхдүүдээ хүлээн авч эхлээд байна.

 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 225 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байсан бол энэ намар төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль шинээр ашиглалтад орж, нийт 10.680 сурагч нэмж хүлээн авах боломжтой болжээ. Мөн энэ онд 8 сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид шилжүүлсэн бөгөөд хотын даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2020 он гэхэд нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургууль 2 ээлжээр хичээллэнэ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургууль тус бүрт 100 сая төгрөгийн тохижилтын ажил хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчныг бий болгожээ.

д.думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: