Ухсан нүх, сэндийчсэн бэлчээр, хатаж хорчийсон гол горхи ийм л дүр зургийг 20 орчим жилийн дотор уул уурхай бидний тархинд гүн суулгажээ.  Сүйтгэхээс өөр нөлөөгүй юм шиг харагдах бичил уурхай бидэнд харууслын шогшролт, урьд нь энэ газарт ийм байсан гэсэн дам ярианаас өөр зүйл үлдээхгүйгээр хэдий хүртэл үргэлжлэх вэ…

Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс социалист системийн үзүүлж байсан халамж дэмжлэг хумигдаж, дараалан тохиолдсон зуд турхны улмаас 13000 гаруй иргэд ажилгүй болж, малын тоо толгой сая саяар хорогджээ. Энэ хүнд үе буюу зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн жилүүдэд байнгын хөдөлмөрөө алдсан иргэд, амьжиргаагаа залгуулахын тулд 1997-аад оноос төрөл бүрийн ашигт малтмал гар аргаар олборлох үйл ажиллагаанд “нинжа” нэр зүүн оролцох болсон тэд өнөөг хүртэл  мэр сэр ажилласаар байна. “Нинжа” гэх нэр зүүн ногоон түмпэн, хүрз  жотуугаар зэвсэглэсэн иргэд юуны учир ашигт малтмал, алтны хойноос газар нутгаа сүйтгэв ээ… Тэд алтны сургаар  газар нутгаа хайр найргүй ухаж сэндийчсээр,хууль сахиулагчдад хөөгдөх, өрөнд орох, бие биенийхээ аминд хүрэх явдлууд гарсан талаар сонин телевиз хэвлэлээр шуугиж байлаа.

2010 оны байдлаар нийт 16 аймаг, Улаанбаатар хотын нэг дүүрэгт 61000 гаруй хувиараа буюу бичил уурхайд ашигт малтмал олборлогч иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Хувиараа ашигт малтмал олборлогчдын 98.42 хувь нь алтны үндсэн ба шороон орд, 0.38 хувь нь гянтболдын орд, 0.71 хувь нь жоншны орд 0.28 хувь нь нүүрсний орд, 0.14 хувь нь цагаан тугалганы орд 0.04 хувь нь давсны орд дээр тус тус олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээ байдаг аж. Уул уурхайн салбарт бичил уурхай  эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөлөл нь  уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 10 орчим хувийг иргэдээс Монгол банкинд тушаасан хэмжээгээр тооцож дүгнэж болох ажээ.

Бичил уурхайн нь ядуурлыг бууруулах эдийн засгийг өсгөх иргэд өрхийн орлоготой болгоход нэмэр оруулдаг хэдий ч хүрээлэн орчныг сүйтгэж, эрүүл ахуй хүн амын хэт бөөгнөрөлийн улмаас халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж, хүүхэд эмэгтэйчүүдийн албадан хөдөлмөр оршиж, тэгш бус байдал ноёлох байдал үзэгдэж эхэлжээ.  Бичил уурхайг хөгжүүлэх нь нэг талаар ядуурлыг бууруулж, эдийн засгийг хүнд нөхцөлөөр аварч байсан боловч нөгөө талаар малаа бэлчээх бэлчээр үгүй болж, гол ус ширгэж газрын голдриг өөрчлөгдөж ухсан нүх үлдэж байлаа. Төр засаг зөвхөн төсөв бүрдүүлэхээ л бодож байсан болохоос биш эргээд тэрхүү газрыг нөхөн сэргээх талаар хожуу арга хэмжээ авч эхэлсэн.

 Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн нэгэн адилаар бичил уурхай өөрчлөгдөж байгаа нэгэн жишээг  Баянхонгор аймгийн Баян-Овоо, Галуут суманд ажиллахдаа харлаа.   Аливаа зүйл хөгжлийнхөө шатанд унаж, босч байж амжилттай болдог учир манай уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол хариуцлагатай болжээ.

Тэдгээр төлөөлөл болсон компаниудын нэг бол Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд орших Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулж байгаа ХАМОДХ ТББ юм. “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” (ХАМОДХ) төрийн бус байгууллагад 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 40 нөхөрлөлийн 400 гаруй бичил уурхайчныг нэгтгэсэн байгууллага юм. ХАМОДХ нь 2012 оноос эхлэн “Спешл майнз” компаний олборлолтын талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулахаар Баян-овоо сумын ИТХ-ын төлөөллийг  оролцуулан гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.  Уртаашаа  гурав  км  үргэлжлэх  30 га  газарт  12 цооногоос  гар аргаар алт олборлож байна.

Алт олборлохын тулд нүх ухаж, ухсан нүхэндээ тэсэлгээ хийж цооног гаргана. Тэрхүү цооногт тэсэлгээ хийсний дараа 4 цагийн дараа ордог байна.   Цооногоосоо алтны хольц бүхий хүдрийг шуудайлан гаргаж ирнэ. Тухайлбал нэг цооног руу орохын тулд доошоо 45м буугаад гаргасан жимээр 10 гаруй метр явж байгаад дахин доошоо 20-25метрийн гүнээс хүдэр алтны хольцтой чулуу буюу хүдэр гарган авдаг. Гаргаж авсан хүдрээ Баянхонгор суманд байрлах  Хонгорын Хүдэр баяжуулах үйлдвэрт аваачсанаар дэлхийд сайшаагдаж байгаа гарал үүслийн бичиг бүхий эко алтыг гаргаж авдаг байна.

Хувиараа ашигт малтмал олборлохыг дэмжих холбоо төрийн бус байгууллага нь “Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр 2015 онд Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-ноос Ази тивд анх удаа “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авчээ. Уг гэрчилгээг авахын тулд алт олборлох явцдаа мөнгөн ус, цианит ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох 200 гаруй стандарт шалгуурыг хангах ёстой байдаг аж. Үүнийг дэлхий дахинд “эко алт” гэж өргөмжилдөг байна. Тэд олборлосон алтаа олон улсын зах зээл дээр өндөр үнээр худалдаж байгаа юм. Швейцарийн хөгжлийн агентлаг, Засгийн газартай хамтарч Баян-Овоо “Хонгорын хүдэр” нэртэй хүдэр баяжуулах үйлдвэр байгуулж байжээ. Тус үйлдвэр бичил уурхайчдын олборлосон хүдрийг тээрэмдэж, химийн хольцгүй эко алт гаргаж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Хүдэр баяжуулах цех нэг тонн хүдрийг 150-200 мянган төгрөгөөр баяжуулдаг байна.

 Уул уурхайгаас болж Баянхонгор аймгийн таван сумыг хамрах нэлээдгүй талбайг сүйтгэсэн учир хууль журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, ил тод хариуцлагатайгаар алт олборлуулах чиглэлд ажиллуулахаар Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр “Тогтвортой бичил уурхай” төслийг  тус аймагт хэрэгжүүлж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ. Тус компанитай адилхан шударга аргаар алт олборлож эко алт гаргаж авах боломж байгааг тэд ам уралдан хэлж байлаа.

Баянхонгор аймгийн Галуут суманд “Батсайхан сэтгэл” ТББ өнгөрсөн гурван жилд 20 орчим га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Тус байгууллага 2010 онд нэгдсэн зохион байгуулалтанд орсон бөгөөд 3 нөхөрлөл 50-иад хүн ажиллаж амьдарч байна. Үүнээс өмнө алтны уурхайн хаягдал шороо угааж ганц нэгээрээ зөвшөөрөлгүй газар ухаж хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байсан нь саяхан. Харин өнөөдөр ногоо тариалах хадлан тэжээл бэлтгэхийн хажуугаар эвдэгдэж нүх сүв болсон газрыг нөхөн сэргээх ажлыг маш үр дүнтэйгээр хийж байна. Тухайлбал, энэ жил 5.2 га газарт нөхөн сэргээлт хийжээ. Тэнд 50 гаруй нүх байсныг шороогоор дүүргэн тэгшилж, үржил шимт хөрсөөр хучиж, тухайн газарт нутагт ургадаг ургамлуудыг суулгасан байна. Нэг ёсондоо тухайн хөрсөнд ургаж байсан үрийг нь суулгасан гэсэн үг аж. Нэг га газрыг тэд 5-6 сая төгрөгөөр нөхөж сэргээжээ. “Батсайхан сэтгэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Ганбаатар хэлэхдээ “Манайх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн тал дээр мэргэшиж байна гэж үзэж байгаа. 2015 онд 7.2 га, 2016 онд 7.5 га энэ жил 7 га  талбайд нөхөн сэргээлт хийсэн” гэлээ.

Харин тус байгууллагын “Сайн үйлс Мөнх” хоршооны гишүүн С.Баярсайхан хэлэхдээ “Бид нар “нинжа” хэлбэрээр ажиллаад энд тэнд хөөгдөж, туугдаад л түмпэн, хамаг багаж зэвсгээ хураалгаад л хэцүү нөхцөлд ажилладаг байсан. Нэгдсэн зохион байгуулалтанд орсноор баттай амьдралын үзүүрээс зуураад авсандаа баяртай байна. Бид нөхөн сэргээлт хийж эхлэснээр  малчдын бэлчээр тавигдсан. Нөхөн сэргээлт хийхээс өмнө малчид нүхгүй газар аль болох буух гэж хичээдэг байсан. Учир нь ухсан нүхрүү хүүхэд мал унаж эндэх асуудал их байсан. Энэ жил бид “шар хуруу” гэх газар нөхөн сэргээлт хийсэн. Тус газар нь нинжа нар ухсан байсан.  Нөхөн сэргээх явц ухсан нүхний гүнээс хамаараад хугацаа их, бага зарцуулдаг.  Нөхөн сэргээх үйл явц бол хамгийн эхлээд занар хийгээд том том чулуунуудыг хийж, дараа нь нарийн ширхэгтэй шороог хийгээд хамгийн дээр нь бор хөрсөө тавьдаг.

Дараа нь согооворын үрээ цацаж,өвсөөрөө хучаад бууц асгадаг. Ингэж л бидний ажил явагддаг. Бид байгаль эхдээ зориулж буянтай ажил хийж байгаадаа их баяртай байна” гэлээ.  Тэд нөхөн сэргээлт хийхээс гадна ногоо тарьдаг. Ногоогоо өөрсдийн хэрэглээндээ хэрэглээд үлдсэнийг нь нутгийн иргэдэд зардаг ажээ.   Манай орны ашигт малтмал хэзээ нэгэн цагт дуусна. Тийм өдөр удахгүй ирнэ гэдгийг тэд ойлгож байгаль эхдээ хүндэтгэлтэй хандаж байгаад тэднээр бахархаж байна.

Нэгдсэн зохион байгуулалтад ороогүй ашигт малтмал олборлодог байсан бичил уурхайчид эмх цэгцэнд орж баялгаа аваад эргээд нөхөн сэргээн хөгжиж буй дүр зураг жил ирэх тусам улам бүр тодорч бичил уурхайчид тэд нар шиг хамтран ажиллаж эх орноо бүтээн босгоно гэдэгт итгэнэм.

Г.Гэрлээ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.