Дунд хүүгийн тавилан буюу зовлонгийн эрхи

Дунд хүүгийн тавилан буюу зовлонгийн эрхи

Галзуу хүний гарт хутга бариулах мэт хэт хөөрөлд автаж сенсаци хөөсөн сэтгүүлчийн гарт хүний амь эндэх тохиолдол байдаг нь зүйргүй үнэн аж. Энэ удаа миний гарт буй баримт ийм нэгэн түүхийг өгүүлэх учир сэтгүүлчийн үзгээр зэвсэглэсэн олон сайхан залууст сургамж болоосой хэмээн тэрлэж буйг ойлгоно хэмээн найдна…

Түүхийн эхэлж…

Үйлтэй хүүгийнхээ үйлдсэн ялыг хамтдаа үүрэлцсэн 14 жил, хамаг бүхэн харааж зүхэж, шар сонины бай болон газар хатуу, тэнгэр хол туулсан зургаан жилийг нэмэхээр амьдралынхаа 20 жилийг хэрийн хүн даахын аргагүй хүнд хэцүүг өөрийн чадлаараа аргадан байж шүд зуун туулсан хөөрхий эхийг Бадамцэрэн гэнэ. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Бадамцэрэн гуай 1937 онд төрсөн эгэл жирийн малчин эмэгтэй. 1954 онд нутгийнхаа залуутай дэр нэгтгэж, есөн хүүхдийн эцэг эх болон гэртээ байгаагаа эмхэлж, гадаа байгаагаа хямгадаж зүтгэсэн гэдэг. Цагийн эргэлт, олон хүүхдээ өсгөх гэж зүтгэсээр гэрээсээ илүү гарахаа байсан эхнэрээ залуухан бүсгүйгээр солин есөн хүүхдээ өнчрүүлэхээ ч юман чинээ тоогоогүй нөхөр Б.Түчин нь 1970 оны намрын хүйтэн өдөр тэднийг нэг мөсөн орхисон аж.

Хүүхдүүдээ л эрүүл саруул өсгөж, хүний дайтай өсгөх гэж зүтгэж байсан эхэд есөн хүүхдийнхээ гэдэс цатгалан мөр бүтэн өсгөхөд ганцаараа зүтгэх амаргүй байсан ч  ёстой л гадаа гарч эр, гэрт орж эм болон зүтгэсээр арай гэж амсхийх үед нь дунд хүү Төрбат гэгч нь хүний амь хөнөөсөн хэргээр шоронд орсон байна.

Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг болсон уу, хоёр гэрийн дунд хоёр жил холхисон нь нөлөөлсөн үү, ямартай ч төрсөн эцэг нь хүртэл нүүр буруултал муухай аашилдаг байсан дэггүй хүү нь дөнгөж 16-хан насандаа Булган аймагт буруу хэрэгт холбогдож, нутгийнхаа хэдэн залуустай нийлэн хүний амь хөнөөчихөж. Хэрэгт холбогдохын өмнө хүү нь хүнээ байгаад байсан учир нэг биш удаа хөөрхий эх хаяад явсан эцэгт нь хандаж, туслахыг, арга хэмжээ авахыг гуйж байсан ч “надад хамаагүй, алаад хаячих” гэсэн ширүүн хариу сонсоод ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болж явсан агаад 10 гаруйхан настай жаалхүү хүний морийг зөвшөөрөлгүй унаж, эзгүй хээр бусдыг явгалж, хүний машин унаж давхин онхолдуулж өч төчнөөн төгрөгний өрөнд ээжийгээ оруулан, шаардлага тавин үглэхэд нь бухимдан бачимдан, харааж загнан эцэс сүүлдээ ижил олон руугаа хутга гарган даналзаж, шуудайтай гурил будааг сийчин гоожуулж бах таваа хангадаг болсон байж. Ингэж туйлж байсан хүүгээ хэрэгт холбогдож, тэр дундаа хүний амь хөнөөснийг сонсоод цочирдохоос илүү заяагүй хүүгийнхээ гарт амиа алдсан золгүй хохирогчийн өрөвдөн, ар гэрийнхэний нь өмнө өвдөг сөхрөн уучлал эрж, 15 жилээр таслагдсан хүүгээ Дарьтын колоноос эхлэн Мааньт, Авдрантын шоронд хүртэл нь сар бүр эргэн тойрч, өөрийн идэх, өмсөхөө хасан танан байж, шаардсан бүхнийг нь хүргэж өгдөг байжээ.

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг юутай үнэн бэ

15 жилийн хорих ял авсан хүүгээ 14 жил уйгагүй эргэсэн ээжийг ээлжит эргэлтээ хийхээр очтол Мааньтын шоронгоос оргосон хүү нь баригдаад Төв аймгийн  мөрдөнд шилжсэн байв. Эхийгээ 14 жил зовоосон хүү нь нартад гарч ирэхэд ганцхан жил үлдээд байхад шоронгоос оргоод зогсохгүй, Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт, гуравдугаар хороололд явж байсан гэм зэмгүй 18-хан настай охиныг хүчирхийлээд, амийг нь хөнөөсөн байх нь тэр. Буурал амьдралын хүрдийг өөрийн чадлаараа эргүүлж, бурууг өөртөө тохон 14 жилийн турш хүлээсэн торгүй л болохоос там шиг амьдралын шоронд хүүдээ хань болон өөрийн дураар хоригдож, яллагдсан ээжийнхээ сэтгэлийг огтхон ч бодоогүй хүү нь ухаарах бүү хэл харин ч дахиад хүний халуун аминд хүрсэн байхыг харах эх хүнд гаслан биш гэж үү. Биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй орчлонгийн жамыг яалтай ч хүүгийн хийсэн лайг өөртөө үүрч, хохирогчийн ар гэрийнхэнд өвдөг сөгдөн байж уучлал гуйсан Бадамцэрэн гуай шүүгчид Монгол Улсын Шүүхээс ногдуулсан цаазаар авах ялыг эсэргүүцэхгүй гэдгээ “Хүний хоёр сайхан үрийг хөнөөчихсөн хүүгээ амьд үлдээгээч гэж гуйх эрх надад байхгүй. Төр засаг нь өөрөө мэдэх байх даа” хэмээсэн нь хожим хойно түүний амьдралыг сүйтгэхийн чинээ санаагүй биз ээ.

Ядарсан эхийн зовлон буюу сэтгүүлчийн сенсаци..

Буруу эрхлүүлсэн хүү бухын хүзүүнээс хатуу гэдгийг өөрийн биеэр туулсан  Бадамцэрэн гуайг дунд хүүд нь төрийн төмөр нударга хатуу байж, хийсэн хэрэгт нь цаазаар авах ял ногдуулсан тэр цаг дор Тоншуулын сэтгүүлч Барамсай редакцдаа дуудаж уулзаж. Энэ тухай Бадамцэрэн гуай ийн өгүүлсэн байна. ““Сэтгүүлч Барамсай гэдэг хүн намайг сониныхоо газар дуудаж уулзсан юм.

Тэр хүн  “хүү чинь үйлдсэн хэрэгтээ дээд хэмжээ авлаа. Та юу бодож байна, хүүгээ амьд үлдээсэй гэж бодож байна уу. Эсвэл ёсоор болоосой гэж бодож байна уу” хэмээн асуусан. Харин тээж төрүүлсэн үрээ ямар муу хүн байсан ч төрсөн эх нь үхээсэй гэж бодохгүй шүү дээ. Гэсэн хэдий ч миний хүү хоёрын хоёр хүний гэмгүй амийг хөнөөсөн, тэр хоёр хүний ар гэрийнхэн уйлан бачимдаж орилж хашгирч байгааг мэдэж байгаа болохоор хэлэх үг олдоггүй юм билээ. Тиймээс ихээ уйлж байгаад арай гэж хэлсэн үг маань “хүний хоёр үрийг хөнөөчихсөн үрээ амьд байлгаач гэж гуйх эрх надад алга. Төр засаг нь мэдэх байх даа” гэж хэлсэн. Угаасаа миний хүүгийн амь илдний ир дээр байгааг ээж нь болсон би мэдэж байсан. Тиймээс хүүгээ өрөвдөж, сөөсгөрхөн хүү минь даанч яав даа гэхээс өөр бодол орж ирдэггүй байсан үе юм шүү дээ. Мөн тэр үед манайх ядуу, зүдүү, миний амьдрал гэж осолдохгүй л өдөр шөнө ээлжилж байсан үе. Жаахан юм олдвол шоронд эрх чөлөөгүй байгаа хүүгийнхээ сэтгэлийг нь  бага ч болов засах болов уу хэмээн зөөдөг, нас ахисан, даралт өндөртэй ядарсан авгай надад эрдэм чадал байхгүй. Тиймээс дүү минь ядарсан эгчийнхээ талаар бичээд яах вэ” гэж гуйсан юм.

Гэтэл нэг их удалгүй Тоншуул сэтгүүл дээр “Харь гаригийн хүн” нэртэй миний хүү Төрбатын тухай нийтлэл гарсан байсан. Тэр нийтлэлд Төрбатын эх нь “ал наадахыгаа” гэж хэлсэн гээд биччихсэн байсан. Гэтэл тэр нийтлэлийг хүү маань шоронд олоод уншаад сэтгэлээр их унаж “Төр засгийг буудахаас өмнө төрүүлсэн эхийнхээ суманд үхлээ”гэсэн шүлэг бичээд олон хувилж тарааснаасаа надад зориуд нэг хувийг нь явуулсан байсан. Тэгээд өөрийгөө боомилж үхсэн байсан… Надад тэр бүхэн худлаа гэдгийг хүүдээ хэлэх боломж байгаагүй, харин хүүгийнхээ шарилыг хүлээн авч, өөрийн гараар л оршуулсан даа.

 Түүнээс хойш зургаан жилийн турш сонин болгонд хүүгийн маань талаар бичиж, намайг “хүүгээ ал” гэсэн гэж бас бичиж, бүр нөгөө шүлгийг нь давхар нийтэлдэг болсон. Үнэндээ надад нүүрээ хийх газар олдоогүй. Хүүхдүүдээсээ, хүргэн бэрүүдээсээ ичиж байсан.  Тэр бүү хэл шоронгийн ялтангууд “Түчингийн Төрбат ээжийнхээ “ал наадахыгаа” гэсэн үгнээс болж өөрийгөө боомилж хороосон” гэж ярьсан тухай ярилцлага Хүмүүс, Сэрүүлэг, Ноцтой мэдээ гэсэн сонингуудад нэгдүгээр нүүрээс нь эхлээд л том гарчиг, зурагтай  нийтлэгдэх болсон. Үнэндээ эгч нь одоо үхмээр байна. Даанч үлдэж байгаа хүүхдүүддээ гай болох болов уу гэж бодохоор чадахгүй юм” хэмээн өгүүлээд асгартал уйлсан байдаг. Тэрбээр энэ бүхнийг тухайн үеийн Нүгэл буян сонины эрхлэгч Д.Энхбат гуайд ийн өгүүлээд, “хүн хэд ч наслаа билээ, эгч нь туйлдаж ядарч байна. Үхэхээсээ өмнө, би хүүгээ ал гэж хэлээгүй. Сэтгүүлчид итгэж амьдралаа ярьж дотроо онгойлгож баярлаж байснаас төрсөн хүүгээ хороо гэж хэлэх зүрх зориг надад байхгүй юм шүү гэдгийг олон түмэнд түгээж, хэлж өгөөч. Ядаж нэрээ цагаатгаж аваад хүү дээрээ очмоор байна” хэмээн гуйсан талаар Д.Энхбат гуай тэмдэглэсэн байдаг. Мөн ингэж уулзахдаа тухайн үед түүний талаар нийтлэгдэж байсан бүх сонины хайчилбарыг авчирч үзүүлсэн байдаг…

С.Баяр

4 thoughts on“Дунд хүүгийн тавилан буюу зовлонгийн эрхи

  1. харамсалтай юмаа, нэг хэсэг сэтгүүлчид бүр замаа алдчихсан байснаа бодоход одоо ч бас цэгцрээд л байх шиг… Гэхдээ л хэлж байхгүй бол болохгүй

  2. За эгч минь ал гээд хэлчихсэн байсан ч яадаг юм харин ч таниар бахархалаа. Нэг ч удаа таныг гээгүй араатанд та хатуу загнах эрхтэй өөрийгөө битгий зовоо өрөөлийг битгий тоо. Дайны үед тагнуулч эмэгтэйчүүд хүүхдээ дайсны талбарт үлдээхгүйн тулд өөрийн гараар алж байсан гэсэн 2 хүний амийг хөнөөсөн алуурчинг ал гээд хэлчихсэн ч байсан яадаг юм. Ёстой босоо ороолон байна даа үхсэн хойноо хүртэл эхийгээ зовоох гэж харин та хохинэ гээд сууж бай

  3. Сэтгэл, сэтгэлгээ муутай сэтгүүлчдэд сургамж болох зүйл бн. Хэвлэлийн нүүрэнд юм гаргах гэж өөрсдөө зохион найруулах, учрыг нь сайн мэдэхгүй байж редакторлах, ямар ч хамаагүй нэг хэсгийг нь хасах, үүнээс болж утгыг нь алдуулах асуудал их байдаг.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.