НҮБ-ын Насжилтын асуудал хариуцсан ажлын хэсгийн тусгай уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгчид оролцлоо

БНСУ-ын Сөүл хотноо 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Насжилтын асуудал хариуцсан Ажлын хэсгийн тусгай уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, олон талт хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Г.Түвшинжаргал нар оролцлоо.

БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулсан энэхүү тусгай уулзалтын үеэр ахмад настны хүний эрхийг хамгаалахад хүний эрхийн үндэсний байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагууд болон олон улсын төрийн бус байгууллагуудын оролцох оролцоо, тэдгээрийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, холбогдох хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна.

Илтгэл, хэлэлцүүлгийн явцад ахмад настны эрхийн асуудлыг яагаад анхаарах шаардлагатай болсон, тэдний эрхийг хэрхэн хамгаалах боломжтой байгаа болон ахмад настны эрхийн асуудлаар НҮБ-аас шинээр конвенци батлах ажлын явц зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцүүлэв.

Мөн БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын зохион байгуулж байгаа “Насжилт болон ахмад настны хүний эрх” сэдэвт АСЕМ-ын хоёрдугаар бага хурлын нээлт 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. АСЕМ-ын хоёрдугаар бага хуралд Солонгос улсын Ерөнхий сайд Нак-Ён Ли, Пакистан улсын Хүний эрхийн яамны сайд Мумтаз Ахмад Тарар, Болгар улсын Хөдөлмөр, нийгмийн бодлогын яамны дэд сайд Зорница Роусинова зэрэг 70 гаруй орны төрийн өндөр албан тушаалтнууд оролцож байна. АСЕМ-ын хоёрдугаар бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

+ There are no comments

Add yours