Ц.АДЪЯАСҮРЭН: ОЗОНЫ ДАВХАРГА ЭРГЭН НӨХӨГДӨЖ БУЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ БАЙНА

 

Озоны давхарга нь нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас манай гараг, хүн төрөлхтөнг хамгаалж, дэлхийн амьдарлыг хэвийн байлгахад тусалдаг эмзэг хийн “бамбай” гэдгийг Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн онцоллоо. Мөн тэрбээр “Нарын хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдвэл дэлхийд сөргөөр нөлөөлнө. Ургамал давжаарч, хүмүүсийн дунд нүд, арьсны өвчин ихэсдэг. Тийм учраас нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхаргыг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалж хүмүүс хөргөлтийн янз бүрийн системийг хэрэглэдэг болсон. Гэвч хөргөлт хийдэг бодис нь озоныг задалж байдаг аюултай. Тэр утгаараа Монреалийн Протоколын хүрээнд озонд сөргөөр нөлөөлдөг хөргөлтийн бодисыг шат дараатай сольж байгаа бөгөөд 2030 он гэхэд бүрэн хамгаалах хэмжээнд хүрнэ. Нэмж хэлэхэд, НҮБ-ын Ерөнхийлөгч Бан Ги Мүн Монреалийн Протоколыг хамгийн сайн хэрэгжиж байгаа хэлэлцээр хэмээн дүгнэсэн байдаг. Түүнээс гадна 2017 онд Монреалийн Протоколын 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан озоны давхарга, уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөөтэй озон задалдаг бодисуудыг 99-өөс илүү хувиар бууруулах олон улсын гэрээг байгуулах талаар зөвшилцөлд хүрчээ. Одоогоор Монреалийн Протоколд дэлхийн 197 орон нэгдэн орсон байдаг байна. Мөн өнөөдрийн байдлаар агаар мандалд агуулагдах озон задалдаг бодисын агууламж тодорхой хэмжээгээр буурч, озоны давхарга эргэн нөхөгдөж буй шинж тэмдэг илэрч эхэлсэн ба энэ зууны дундуур нөхөн сэргэх төлөвтэй байна” гэв.

Түүнээс гадна 2016 онд Монреалийн Протоколд оруулсан Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу уур амьсгалын өөрчлөлт, Дэлхийн дулааралд нөлөөтэй гидрофторт нүүрстөрөгчийн (ГФН/HFC) төрлийн бодис буюу озоны давхаргад халгүй боловч уур амьсгалын өөрчлөлтөд үлэмж их нөлөөтэй хүлэмжийн хийнүүдийг бууруулах талаар Монреалийн Протоколын Талууд харилцан зөвшөөрч, хэлэлцээр хийж чадсан байна. Кигалийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монреалийн Протокол нь цаашдаа озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зохих хувь нэмрээ оруулсаар байх аж.

Эцэст нь нэгэн тоон баримт дурдахад, одоогийн байдлаар озоны цоорол нийт 28 сая ам км хэмжээтэй байгаа юм байна. Антарктид, Гималайн нуруу зэрэг газарт үүсдэг аж. Гэхдээ озоны давхаргыг хамгаалах ажлын хүрээнд 4 сая ам км хэмжээтэй цоорол эргэн нөхөгдөөд байгаа юм байна. Мөн эрдэмтэд 1970-1980-аад онд озоны давхаргаа цоорсон талаар анх мэдсэн бөгөөд озоны давхаргад цоорхой үүссэнээр нарнаас ирэх хэт ягаан туяаны хэмжээ ихсэж, дэлхийн бүхий л амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцлон тогтоосон юм.

+ There are no comments

Add yours