Saturday, April 20 2024

“Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах төсөл” хэрэгжинэ

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөө өглөө Швейцарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ажилтан Симон Цүр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Швейцарийн хөгжлийн агентлагаас Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр саяхан хоёр тал гарын үсэг зурсан.

Өнгөрсөн 03 дугаар сард Швейцарь Улсын Хөгжлийн агентлаг, БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас олон улсын үнэлгээний багийн гишүүд Монгол Улсад айлчилж Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах тогтолцоо, эрэн хайх аврах ажиллагааны чадавхитай танилцан Онцгой байдлын албаны сургалтын систем, сургалтын бааз, техник хэрэгсэл, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тусгай бааз, техник хэрэгсэл, аврах багийн хангалт, үйлчилгээний зохион байгуулалт, гамшгийн хор уршгийг арилгах техник, хэрэгслийн нөөц, санхүү, хөрөнгө оруулалттай газар дээр нь танилцаж үнэлгээ хийгээд явсан.

Харин энэ удаагийн айлчлалын гол зорилго бол “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Тахилт дахь сургалтын талбайд аврагч нарт зориулсан эрэн хайх аврах ажиллагаа явуулах дадлага, сургалтын байгууламж барих ажлыг эхлүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, аврагчдыг сургах сургалтын арга зүй, аргачлалыг хоёр тал хамтран боловсруулах юм байна.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян уулзалтын үеэр, Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, аврагчдын ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү төсөл томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бид бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ажилтан Симон Цүр, энэхүү төслийг Монгол Улсын Онцгой байдлын албаны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Тухайлбал, Монгол Улсын хувьд үндэсний хэмжээнд аврагчдаа бэлтгэдэг өөрийн гэсэн арга барилтай. Харин бид олон улсын аврах багт тавигддаг шаардлага, стандартыг баримтална. Энэ дундаас хоёр тал аврагчдыг сургах аргачлал, хөтөлбөрийг боловсруулах юм” гэлээ.

Төслийн багт ажиллах ноён Грюненфэлдэр Маркус Швейцарийн Зэвсэгт хүчинд аврагчдын зааварлагчаар ажиллаж байсан, хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах чиглэлээр гадаад улс орнуудад хэрэгжүүлсэн томоохон төслүүдэд ажиллаж байсан туршлагатай.   Хамгийн сүүлд гэхэд хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах чиглэлээр Энэтхэг улсад хэрэгжүүлж буй төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Ноён Маркус, эрэн хайх аврах ажиллагааны сургалтын байгууламж байгуулах, аврагчдыг сургах сургалтын арга зүй, аргачлалыг боловсруулахад голлон оролцох юм байна.

Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлэх “Монгол Улсын Онцгой байдлын албаны хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг сайжруулах төсөл” 1,8 сарын хугацаатай хэрэгжих ажээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: