Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хуралдлаа

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар нийт 438 мянга 327 мал бий. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооноос бусад хороонд болон Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороодод мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явуулсан судалгаагаар нийслэлийн хориглосон уг бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 мал байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ажлын хэсэг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдтэй уулзсан байна. Өнөөдрийн байдлаар 257 өрх нүүхээ мэдэгдэж, 2683 толгой малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэсэн байна.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяагийн  хуралдаанд танилцуулснаар хориглосон бүс нутагт малаа дархлаажуулалтад хамруулалгүй оруулж ирсэн иргэдийн мал шүлхийгээр өвчилжээ.

Хан-Уул дүүргийн хувьд шүлхийн голомтын бүсэд 4х3 км газарт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Уг бүс нутагт ерөнхий боловсролын нэг сургууль, нэг цэцэрлэг болон 865 өрхийн 1888 иргэн амьдарч байгааг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн н.Цэвэгжавын шүлхийгээр өвчилсөн 2 үхрийг өнөөдөр устгалд оруулах аж. Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчний 2 голомт одоогоор намжмал байдалд орсон байна. Нийт 168 үхрийг зориудаар устгалд оруулсныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн комиссын гишүүдэд танилцуулжээ.

Улаанбаатар хот руу орох, дайран өнгөрөх мал амьтны хөдөлгөөнийг зогсооно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцсаны дараа “Нийслэлийн зүгээс шүлхий өвчинтэй холбоотойгоор нийт 8 захирамж гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Гэсэн ч шүлхийн гаралтыг зогсоож чадахгүй байна. Энэ бол ажлын хариуцлагатай шууд холбоотой. Ялангуяа дүүргийн Засаг дарга нар онцгой дэглэмийн үед явуулах үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай байна.” хэмээгээд Нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

  • Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох, нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх мал амьтны бүх хөдөлгөөнийг он дуустал зогсоох,
  • Онцгой комиссын гишүүд өвчин намжтал өдөр бүр шуурхай хуралдаж, онцгой горимоор ажиллах,
  • Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бүх малд үзлэг хийж, өмнөх вакцинжуулалтын үйлчлэлд хяналт тавих, Дүүргийн дарга нар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, сэрэмжлүүлэг өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

+ There are no comments

Add yours