Friday, April 19 2024

Хулгайн гэмт хэрэг эрс нэмэгдэж байна

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот руу ирэх иргэдийн болон тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байгаа ажээ.

Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсан. Үүний 65.6 нь халаасны хулгайнх бөгөөд 97.6 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ.

Наймдугаар сарын 23-ны өдөр томоохон худалдааны төвд хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлсэн юм. Тэдгээр гэмт этгээдүүд иргэдийг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаан анхаарлыг нь сарниулан гар утас болон бусад эд зүйлсийг нь хулгайлдаг болохоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.

Иргэд та бүхэн биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас татгалзаж, цахим банк, бэлэн мөнгөний машиныг хэрэглэж хэвшин хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours

You May Also Like: