БАГШ НАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГСАНА

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн билээ. Энэ шаардлагын хариуг наймдугаар сарын 24-ны дотор ирүүлэхгүй бол шат шатны арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Ингээд Засгийн газраас хариу бичиг ирүүлсэн тул өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагаа наймдугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн.

Хариуд нь УИХ-ын чуулганаар баталсан 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлыг 2,6 тэрбум төгрөгт багтаахаар тусгасан. Багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлнэ гэвэл 1,1 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ний 43,1 хувьд хүрсэн байна.

Гэвч улс орны нийт албан хаагчийн цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлэхийн тулд түншлэгч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Иймээс Монгол Улсын төр засгаас багшийн цалин, хөлс, ажлын нөхцөл бололцоог хангахын төлөө ажиллана гэсэн хариуг Засгийн газраас ирүүлжээ.

Энэхүү албан бичгийг тодорхой гэж хэлэхэд хэцүү байгааг багш нар шүүмжлэв. Тэд 2018 онд цалин нэмнэ гэж хүлээхгүй гэдгээ мэдэгдэв. Ингээд есдүгээр сарын 1-нээс өмнө Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулах аж. Цуглаанд Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийг хүрэлцэн ирж багш нарын дуу хоолойг сонсохыг уриалав.

Г.Намуун

+ There are no comments

Add yours