ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт дархан уул аймагт ажиллалаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Я.Жавхлан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Л.Уянга, хэвлэлийн ажилтан Ц.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн Пүрэв, Баасан гаригт Дархан-Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ уулзалтын зорилго нь аль нэг байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хянаж шалгах биш салбарын бодлого, хууль тогтоомж анхан шатны нэгж дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, хуулийг хэрэгжүүлж өдөр тутам иргэдтэй харилцаж байгаа ажилтан, алба хаагчдаас санал, сэтгэгдлийг нь сонсох, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгааг С.Бямбацогт сайд онцолж хэлсэн юм.

Тус аймаг хүн амын тоогоор нийслэлийн гурван дүүрэгтэй тэнцүү бөгөөд олон улсын болон дотоодын иргэд, тээврийн хэрэгслийн урсгал тасардаггүй тул Дархан-Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагууд нэлээд ачаалалтай ажиллаж байгааг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Хамгийн түрүүнд тус аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газрын хувьд эрүүлжүүлэх байрны барилга нь стандартын шаардлага хангахгүй, хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комиссоос зөвлөмж, аймгийн прокурорын газраас удаа дараа шаардлага ирүүлснийг удирдлагууд нь дуулгасан. Тиймээс эрүүлжүүлэх байрны барилгыг өргөтгөх, шинэчлэн засварлах шаардлагатай байгааг учирлаж байв.

Хэдийгээр байрны асуудал байгаа ч өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ оны эхний хагас жилд гэмт хэрэг 3.3 хувиар буурсан, илрүүлэлт 1.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Энэ нь цагдаагийн ажилтан албан хаагчдын шаргуу хөдөлмөрөөс гадна хяналтын камерын ач тус гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.

Дараа нь Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, түүний харъяа хорих 445 дугаар ангийн нөхцөл байдалтай танилцав. Сүүлийн жилүүдэд хорих ангийн нөхцөл байдал эрс сайжирч, хүмүүжигчид анги дотроо үйлдвэрлэл эрхлэх, сургалтад хамрагдах боломж нээгдсэн байна. Хүмүүжигчдийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ мужаан цех, арьс ширэн урлал, гар урлал, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа ажээ.

Дархан-Уул аймагт ажилласан багийн дараагийн уулзалт тус аймгийн Шүүхийн шинжилгээний албанд өрнөлөө. Энэ байгууллага хоёр шинжээч эмчтэй ч бусад аймагтай харьцуулахад гурав дахин их ачаалалтай ажилладаг. Жилдээ дунджаар 1200 шүүх эмнэлгийн шинжилгээ хийдэг гэдгийг удирдлагууд нь дуулгав. Тиймээс эмчийн орон тоо, унааны асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байсан юм.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон дагалдан яваа албаныхан Дарханы Улсын бүртгэл болон Архивын хэлтсийн үйл ажиллагаатай ч энэ үеэр танилцсан юм.

 

+ There are no comments

Add yours