Таван жил багшаар ажилласны нэмэгдэл нь 4261 төгрөг

Багшийн цалинг нэмэгдүүлэх зохицуулах хороо өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга хүргүүлэх тухай мэдэгдэл хийлээ. Өмнө хүргүүлсэн мэдэгдлийн хариу энэ сарын 24-ны өдөр ирүүлээгүй тохиолдолд тэмцлийн өөр арга хэмжээг авна гэдгээ дахин мэдэгдсэн юм. Ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуулийн 30 мянга гаруй багш тус түр хороонд нэгдээд байгаа бөгөөд өөрсдийн биеэр гарын үсгээ зурж нэгдсэн 4216 багш нар байгаа ажээ.

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо энэ сарын 17-ны пүрэв гаригт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн бол өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад уриалга гаргаж буйгаа мэдэгдээд байгаа ажээ. Тус уриалгад:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж гаргасан уриалга

Багшийн цалинг нэмүүлэх зорилгын дор сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн 30 гаруй мянган багш нэгдэн, зохион байгуулалтад орж Монгол Улсын засгийн газарт цалин нэмүүлэхэд чиглэсэн гурван зүйл бүхий шаардлага хүргүүлснийг танд уламжлахын хамт дараах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөхийг уриалж байна. Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хариуцлага, үндсэн ажилтан нь багш болохыг харгалзан үзэж холбогдох төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагааг өргөжүүлэх зарчимд үндэслэн багшийн үндсэн цалингийн доод хэмжээг бүс нутгийн жишигт хүргэж нэмэгдүүлэх
  • Үйл ажиллагааг өртөгжүүлэх зарчимд үндэслэн багшийн цалин хөлсни й шатлалыг шинээр бий болгож хэрэгжүүлэх
  • Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургууль нь эх оронч бүтээлч чадвартай хариуцлагатай ухамсартай соёл иргэншилтэй ирээдүйн иргэдийг бэлтгэдэг тэргүүлэх үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салбар болохынх нь хувьд түүний удирдлагыг намын харьяалал, улс төрийн томилгооноос ангид байлгаж хамт олны саналд үндэслэн Монгол улсын ерөнхийлөгч томилдог байх.

БЗД-ийн 34 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, магистр багш Сарантуул: 2014 онд цалингийн шинэчилсэн сүлжээ гарсан. Багш нарыг ТҮ-4 зэрэглэлээр цалинжуулдаг. Уг сүлжээгээр нэг жил ажилласан багш 535. 286 төгрөгийн цалинтай, таван жил ажиллавал цалин 539.547 мянган төгрөг болно. Таван жил багшаар ажилласны нэмэгдэл нь 4261 төгрөг.
Нэг жил ажилласан, 25 жил ажилласан хоёр багшийн цалингийн зөрүү 73171 төгрөг байна. Энэ цалингийн сүлжээг гаргасан төр засаг энэ байдлаа эргэн харах цаг болжээ гэв.

 

+ There are no comments

Add yours