Г.Алтанзаяа:  Манайх энтрепренершип чиглэлийг  барьж оюутнуудын бизнес сэтгэлгээг хөгжүүлнэ

Монгол Улсын дээд боловсролын салбарт манлайлагч ууган сургуулиудын нэг Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль 2017-2018 оны хичээлийн жилд суралцах элсэгчдээ энэ сарын 15-наас эхлэн бүртгэж байна. Энэ талаар тус сургуулийн багш доктор профессор  Г. Алтанзаяатай   холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх их сургууль болж үйл ажиллагаагаа тэлж өргөжиж байгаад баяр хүргэе. Их сургууль элсэгчдээ бүртгэх ажил ямар хугацаанд үргэлжлэх вэ?

-Баярлалаа. Засгийн газрын 2017 оны тогтоолоор манай сургууль их сургууль болж өргөжин МУИС-иас өрх тусгаарлан бие дааж гарч байгаа. Энэ хичээлийн жил манай сургуулийн түүхэнд их онцлогтой, элсэгчдэд маань дуулгах сонин мэдээ ихтэй байна. Манай сургууль нэмэлт  элсэлтийн бүртгэлээ наймдугаар сарын 15-наас эхлүүлж байна.

Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн  хичээлийн хөтөлбөрүүдээ олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, эрдэмтэн багш нар маань ч гэсэн эрдмийн зэрэг, цолоо ахиулж сүүлийн 4 жилд 10 гаруй залуу багш маань доктор цол хамгаалсан, эрдмийн олон брэнд бүүк бүтээсэн, оюутнуудынхаа суралцах орчныг сүүлийн үеийн шилдэг технологиор сольж чанаржуулахаар ажиллаж байна. Шинэ оюутнууд маань АНУ-ын MIT сургуулийн Энтрепренершип 101, 102 суурь хичээлүүдийг болон бизнесийн хурдасгуур программ зэргийг судалж, орчинд нь бизнес ухаанд суралцах юм.   

-Элсэгчид маань Энтрепренершип гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Та тайлбарлаж өгөх үү?

-Манайх хөрвөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэж ирсэн 93 жилийн туршлагатай Монгол Улсын ууган сургуулиудын нэг. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, нягтлан бодох бүртгэл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэлийн зэрэг олон салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг манай сургууль бэлтгэн гаргасан байдаг.  Гарааны бизнес нүдээ олбол тухайн хүнд ямар их өгөөж өгч, нийгэмд тэсрэлт авчирдгийг дэлхий нийт төдийгүй монголчууд гадарладаг болсон байх. Жишээлбэл, манайх дан ганц нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэхгүй. Энэ мэргэжлийнхээ зэрэгцээ төгсөөд аудитын компани байгуулаад тэд хамтраад ажлын байраа гаргах чадвартай, бизнес ухаантай, хаана ч очсон гологдохооргүй мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Манайх хичээлийн сургалтын хөтөлбөрөө олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн, нэгдүгээр курсийн оюутнууддаа гарааны бизнес эхлүүлэх гарцыг нээж өгөхөөр Энтрепренершип хичээлүүдийг оруулж бизнес сэтгэлгээний орчныг бүрдүүлэх лаборатори анги танхимуудыг байгуулна. Түүнчлэн Энтрепренершип  соёл, мэдлэгийг олонд түгээн дэлгэрүүлэхийг зорьдог “Startup Mongolia” ТББ-тай манай сургуулийн удирдлага урт хугацаагаар хамтран ажиллахаар болсон. Гарааны бизнес эрхлэлтийг дэмжсэн сургалтын  орчныг хамтран байгуулахаар төгсөгчид маань ч гэсэн санаачлага гарган ажиллаж байна.

Өнөөгийн залуус шинийг эрэлхийлдэг болсон байна. Тиймээс бид гадаадад очиж гарааны бизнест суралцаж, хөрөнгө оруулалт хайж явалгүй Монголдоо суралцаад экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэтийн санаатай ажиллаж байна. Тиймээс хүүхдээ ирээдүйд эрэлттэй мэргэжлээр сайн сургая гэж бодож байгаа бол та манай сургуулийг зориорой.

–  Элсэгчид ямар материал бүрдүүлж очих вэ. Босго оноо хэд бол?

–  Босго оноо 400 орчим байна. Элсэлтийн бүртгэл энэ сарын 15-28-нд Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I байрны 309 тоотод явагдаж байна. Иргэний үнэмлэхний хуулбар, ЭЕШ өгсөн хуудас, бүртгэлийн хураамж зэргийг авчирна.

– Сургалтын төлбөр тодорхой болсон уу?

Тиймээ, Манай сургуулийн төлбөр бусад улсын болон томоохон сургуулиудтай харьцуулахад харьцангуй доогуур боломжийн үнэтэй байгаа. 1 багц цагийн үнэлгээ 86900. Ард түмнийхээ амьдралын боломж, мөнгөний инфляци зэргийг харгалзан үзсэн. Холбоо барих утсаар та зарим зүйлийг тодруулж болно. Утас 99812841, 91996061, 99164919, 89894854  

 

+ There are no comments

Add yours