Шинээр 6373 хэрэглэгчийг эрчим хүчинд холбогджээ

Эрчим хүчний яамнаас 20 мянган айл өрхийг 4,0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг хангахад шаардлагатай тооцоо судалгааг хийжээ.

Тодруулбал агаарын чанарын нэгдүгээр бүсэд байрлах Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт 23 хорооны 20 гаруй мянган айл өрх хамрагдсан байна.

Улмаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд одоо ажиллаж буй 71 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохоор зураг төслийг хийжээ.

Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах 42 багц ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн 63 дэд станцыг шинээр барьж суурилуулах ажлыг 11,74 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Уг төслөөр нийт 6373 шинэ хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбуулсан байна.

Түүнчлэн станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл ажил хэвийн байгааг албаныхан хэллээ. Тухайлбал, Шивээ Овоогийн уурхай 550 мян.тонн, Багануур 594 мян.тонн, Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа ажээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours