Сүхбаатар сум Солонгосын Жон Сон Гун мужтай хамран ажиллана

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан саяхан 80 жилийн ойн баяраа тэмдэглэсэн билээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймгийн болон Сүхбаатар сумын удирдлагуудыг БНСУ-ын Жон Сон Гун мужийнхантай холбон өгч бүх талаар хамтран ажиллах ажлыг эхлүүлэн бэлэг барьжээ. Намрын нар шарсан энэ өдрүүдэд 80 жилийн түүхтэй суманд Жон Сон Гун мужийн төлөөлөгчид зочилж, хүн зоных нь ажил, амьдралтай газар дээр нь биечлэн танилцаж байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус мужийн орон нутгийн Засаг захиргааны дарга Ким Субог, Аялал жуулчлал төлөвлөлтийн ажилтан Чун Чангмин, Газар тариалан мал аж ахуйн хэлтсийн дарга Лий Чангмин, Засаг захиргааны хэлтсийн ажилтан Жан Жаядок нар багтсан байна. Тэд энэ сарын 13-наас эхлэн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар зэрэг суманд очиж талхны цех, зөгийн аж ахуй, зөгийн хүлэмж, утсан загас бэлтгэх, Олон улсын худалдааны төв, өрхийн тариалан эрхэлж буй айлуудаар орж эх орны эрүүл хөрсөнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрхэн тариалж, өрхийн аж ахуй, нөхөрлөл хэрхэн ажиллаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг нүдээр үзэж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж гарц, мал аж ахуйг хэрхэн эрхэлж буйг нүдээр үзэж явна.

Тариаланч, ногоочин, зөгийчин, худалдаачид, өрхийн аж ахуй эрхлэгчидтэй нүүр тулан уулзаж, ажлынх нь талаар үнэн бодит мэдээлэл авна гэдэг Солонгосуудын хувьд үнэхээр чухал. Эдийн засгийн хямрал ярьсан энэ үед орон нутгийнхан гадаад харилцаандаа анхаарна гэдэг бас нэг гарц, мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломж юм.

 

+ There are no comments

Add yours