Ирэх өвөл гэр хорооллын айлууд шөнийн цагаар үнэгүй цахилгаан хэрэглэнэ

Ирэх өвөл  гэр хорооллын айлууд шөнийн цагаар үнэгүй цахилгаан хэрэглэнэ

Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн удирдлагуудын танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 70 гаруй хувьтай байна.

Нүүрсний хангамж, техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл болон шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлж, хариуцлагаа чангатгаж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болгожээ.

Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэн.  Гурван сарын хугацаанд нийт хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Хөнгөлөлтөд хоёр тарифт тоолууртай 110.000 өрх айл хамрагдсан байна. Шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх судалгаа гарсан учир уг хөтөлбөрийг 201 –2018 онд  үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.

  • Нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь,
  • Аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлнө.

Үүнтэй холбоотойгоор системийн хэмжээнд үүсэх ачааллыг эртнээс нарийн тооцоолж, богино хугацаанд бэлтгэл ажлаа хангах шаардлагатайг орон нутгийн үйлдвэр, компанийн удирдлагуудад шуурхай хуралдаанаар анхаарууллаа. Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбож байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд танилцуулав.

Станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл хэвийн байна. Тухайлбал,

  • Шивээ Овоогийн уурхай 550 мян.тонн,
  • Багануур 594 мян.тонн,
  • Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа аж.

Цаашид станцуудын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс засвар үйлчилгээ, нүүрс нөөцлөлтөд онцгой анхаарахыг салбарын сайд сануулав.

Ирэх өвөл хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учир улсын хэмжээний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, 14 хоног тутамд мэдээлэл ирүүлэхийг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болголоо.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.