‘Даншиг наадам- Хүрээ цам-2017’ эхэллээ

“Даншиг наадам- Хүрээ цам-2017” шашин соёлын арга хэмжээний нээлт өнөөдөр 11.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Нээлтийн өмнө Гандантэгчэнлин хийдэд 09.00 цагт Хүрээ жахар цамын хурал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилго бүхий “Аялал жуулчлалын үзэсгэлэн” нээлтээ хийнэ. 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд сүсэгтэн олонд Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх ном айлдсаны дараагаар наадмын албан ёсны нээлт эхлэлээ.

Нээлтийн үеэр Соёмбот туг залах ёслол болж Мандал өргөлөө. Мөн Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал”-ыг бүх нийтээр уншиж, Очирваани шүтээний тахилга хийх юм. Үүний дараагаар хүчит 256 бөхийн барилдаан эхэлж, өнөөдөр 1-4-ийн даваа явагдаж байна.

Мөн өдөр Унзад, голч нарын тэмцээн, Ном хаях, мэтгэлцэх болон Балин болон тосон урлалын тэмцээн болж, Нийслэлийн “Улаанбаатар” чуулга ”Colors of Mongolia” тоглолтоо толилуулах юм.

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 11.00-19.00 цагийн хооронд нийслэлийн есөн дүүргийн ардын авъяастнуудын “Монголын гайхамшигт урлаг” тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн болох аж.

Д.Думаа

+ There are no comments

Add yours