Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэшийг өнөөдөр хүлээн авч уулзаж тус байгууллагатай Монгол Улсын хамтын ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа.

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Аднан Рауф Куэрэш Монгол Улсын Ерөнхийлөгчид тус байгууллагаас Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааг товчхон танилцуулж, малчдын амьжиргааг дээшлүүлэх болон хүн амын хэрэглэж буй хүнсний чанар найрлагыг сайжруулахад тухайлан анхаарч байгаагаа онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, энэ салбарыг сайн мэдэх, урьд нь тус байгууллагатай олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байсан хүний хувьд цаашид НҮБ-ын ХХААБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тухайлан анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ. Мөн малчдын амьжиргааг дээшлүүлэхэд тус байгууллагаас анхаарч байгаа тухайд малын гаралтай түүхий эдийг малчдаас худалдан авч, нэмүү өртөг шингээж экспортолдог эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэх нь ихээхэн чухал байгааг онцлон ярив.

Мөн НҮБ болон Улаанзагалмай нийгэмлэгтэй Монгол Улс хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж хүнсний бүтээгдэхүүн, мах нийлүүлэх боломжтой талаар тайлбарлаж ярилаа. Монгол Улс Улаанзагалмай нийгэмлэгээс зөвхөн тусламж авдаг биш, цаашид хамтран ажиллаж, тусламж шаардлагатай байгаа бусад улс оронд хүнс экспортолж, үүгээрээ дамжуулан хүмүүнлэгийн салбарт гар бие оролцох боломж хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Д.Думаа

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.