Thursday, April 25 2024

Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ

Нийслэл Улаанбаатар хотод долоодугаар сарын 25-ны өдрийн 16.00 цагийн орчим хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудад үер буусан. Үерийн улмаас 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж, гурван хүний эрдэнэт амь эрсэдсэн аюулт үзэгдэл болсон.

Үүссэн гамшгийн байдал, учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох ажлыг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаа. Уг ажлын хүрээнд бохирдсон талбайгаас хөрсний дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын лавораторид хүргүүлэхийн зэрэгцээ оршин суугчдад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийж, заавар зөвлөмжийг өгч, айлуудад ариутгалын бодис тараасан байна. Мөн эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн хүн амын дунд халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор 154 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийжээ.

Үерийн дараах ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ

Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас тус бүр нэг гэрийг олгосон байна. Мөн цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниас засварлаж хэвийн ажиллагаанд нь оруулжээ.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худгаас 6 худаг үерт автсаныг хамгаалалтад авч, уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлэн шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг УСУГ-ын хоёр автомашинаар зөөврийн усаар ханган ажиллалаа. Өчигдрийн байдлаар гурван худгийг нээж, хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулсан аж. Мөн айлуудын жорлон хальж орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, найман байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэр усны хоёр худаг, үхсэн 16 үхрийг булшилсан газар нийт 72,5 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: