Тарваган тахал өвчний дэгдэлт идэвхтэй байгааг тогтоожээ

Тарваган тахал өвчний дэгдэлт идэвхтэй байгааг тогтоожээ
Монгол-Оросын хамтарсан судалгааны баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Зааг, Жаргалант гэх газруудаас цуглуулсан тарваганы үхдлээс тарваган тахал өвчин үүсгэгчийг илрүүлэн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ. Энэ талаар аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Хоёр улсын хамтарсан судалгааны баг өнгөрсөн 5 дугаар сарын 1-нээс эхлэн улсын хил дагуу Улаанхус, Ногооннуур сумдын нутагт тандалт судалгааны ажил хийж байгаа аж. Уг тандалт судалгаанд Ногооннуур, Улаанхус сум, Цагааннуур тосгоны нийтдээ 120 өрхийг хамруулсан ба тарваган тахал өвчний талаар сургалт, сурталчилгааг давхар хийжээ.

Ийнхүү тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй, хүн өвчлөх магадлал өндөр байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газар болон Зоонозын өвчин судлалын төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд сэрэмжлүүлэг түгээж, энэ сарын 17-ноос дархлаажуулалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аймаг нь тарваган тахлын маш өндөр идэвхтэй бүсэд хамаарах бөгөөд тандалт судалгааны ажил ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилэх аж.

Г.Намуун

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.