Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэн гарч байгааг албаныхан хэллээ.

Түүнчлэн цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.

Тухайлбал, 07 дугаар сарын 24-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, долдугаар сарын 25-26-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын дуу цахилгаатай бороо орж, салхи түр зуур ширүүснэ.  Мөн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байх төлөвтэй байна.

Иймээс үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

 Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

-Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг  Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.

Г.Намуун