ЭНЭ САРЫН 24-НД ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БОЛНО

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар цахим хурал Төрийн ордонд болж байна. Хуралд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Лүндээжанцан, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нарын гишүүдээс гадна 21 аймгийн Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү цахим хурлын гол зорилго нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын дараагийн уулзалтыг орон нутагт зохион байгуулахтай холбоотой юм. Орон нутгийн иргэд санамсаргүй түүврийн аргаар сонгогдож санал асуулгад оролцоно. Тэнд оролцож буй иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцаад санал бодлоо илэрхийлэх ажээ.

Санал асуулга орон нутагт зохион байгуулахын тулд аймаг, нийслэлийн ИТХ-ын дэргэд ажлын хэсэг байгуулагджээ. Мөн УИХ-ын Тамгын газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй долоон баг гарч, ажиллах юм байна. Дээр нь улс төрийн 24 намын төлөөлөл ажиллах боломжтой гэдгийг онцолж байв.

Ингээд орон нутгийн санал асуулгыг долдугаар сарын 24-нөөс эхлэн зохион байгуулна. Бэлтгэл ажлын хамгийн эхэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар санал асуулгаас гарсан зөвлөмж, УИХ-ын 39 дүгээр тогтоолтой танилцах шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Энхболд сануулав. Учир нь орон нутгийн санал асуулгыг зохион байгуулахдаа дээрх хоёр баримт бичгийг үндэслэн  явуулах ажээ.

Г.Думаа

+ There are no comments

Add yours