Сонгуулийн ерөнхий хороо уриалга гаргажээ

СЕХ-ноос энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж уриалга гаргалаа.
Уриалгад, “СЕХ, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг өнгөрсөн сарын 26-нд зохион байгууллаа.  Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц өссөн нь төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэх манай иргэд сонгогчдын ухамсарт оролцоо харьцангуй өндөр байгааг харуулах баримт болж байна. Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт сонгогч иргэддээ тус хороо гүн талархлаа илэрхийлж байна.
Гэвч  өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг  энэ сарын 7-ны өдөр явуулахаар зарлаж, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.  Иргэн та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна.
Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой “цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя” гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна. Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг аливаа этгээдэд анхааруулж байна. Сонгогч та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours