ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ

 (СХЗГ)-аас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаа өнөөдөр олон улсын жишигт хүрч, үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөх алхам нээгдсэн хэмээн сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу тус газар нь:
-2004 онд Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC),
-2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC),
-2009 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д гишүүнээр элсчээ.
Мөн сорилт, хэмжлийн шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байгаа юм байна. Монгол Улс ийнхүү Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд гарын үсэг зурж, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэний гол давуу тал нь ILAC-ын 90-ээд гишүүн орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнг, РАС-ын 25 орны гишүүд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж буйд оршиж байгааг албаныхан онцоллоо.
Гол үр дүн нь үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ  хилийн чанадад гарахад давтан сорилт, хяналт, баталгаажуулалтаар орох шаардлагагүй. Энэ нь хүнд суртал, нэмэлт зардлыг багасгаж бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгож  байна.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн ноолууран бүтээгдэхүүн тохирлын тэмдэгтэй. Үйл ажиллагаандаа чанарын  удирдлагын тогтолцоо (ISO 9001)-ны стандартыг нэвтрүүлсэн болохоо баталгаажуулсан гэрчилгээтэй. Иймээс тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нэвтрэхэд бүтээгдэхүүнд дагалдсан сорилтын тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ нь олон улсын зах зээлд нэвтрэх нэрийн хуудас байх болно гэж СХЗГ-аас мэдээллээ.

+ There are no comments

Add yours