100 САЯ ТӨГРӨГНИЙ ШАГНАЛЫН САНТАЙ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

Ариг банкнаас Монголын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа хүрээнд “Утааг хамтдаа устгая” инновацийн уралдааныг санаачлан зарлалаа.

Энэ талаар Ариг банкны захирал Д.Төмөрхүү, Даян Дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагын бүсийн захирал Срабани Рой, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар өнөөдөр танилцуулав.
Уралдаан нь бүтээлч сэтгэлгээ, инноваци, олон талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих замаар Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилготой аж. Зөвхөн уралдаан зохион байгуулаад зогсохгүй цаашид амьдралд хэрхэн нэвтрүүлэх талаар цогц төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Уг төсөлд БОАЖЯ, Эрүүл мэндийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, НЗДТГ, Даян Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахаар болжээ.

Гурван үе шаттай явагдах төсөл нь:

  • Нэгдүгээр шатанд дээрх уралдааныг зарлаж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх, жижиг дунд бизнесүүдийн халаалт, цахилгааны хэрэглээг утаагүй, утааг боломжит хамгийн бага түвшинд байлгах практик хэрэглээнд тохиромжтой шийдлүүдийг есдүгээр сарын 15 хүртэл хүлээн авч, сонгон шалгаруулан 100 сая төгрөг бүхий мөнгөн урамшуулал олгох юм байна.
  • Хоёрдугаар шатанд хотын тодорхой хэсгийн айл өрхийг сонгон авч өмнөх шатанд сонгон шалгаруулсан шилдгүүдийг туршин, шаардлагатай тохиолдолд хөгжүүлэлт хийж, шийдлийг айл өрхүүдэд хүргэх санхүүгийн загварыг гаргах бөгөөд энэ нь 2017 оны есдүгээр сараас 2018 оны зургаан сар хүртэл үргэлжилнэ.
  • Гуравдугаар шатанд 2018 оны зургадугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэл өмнөх шатуудад сонгогдон сайжирсан шийдлүүдийг гэр хороололд бүрэн суурилуулах, түүний санхүүжилтийг өмнөх шатанд тодорхойлогдсон загварын дагуу гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Мөн энэхүү төслийнхаа хүрээнд маргааш BLUE SKY  зочид буудалд “Технологын болон санхүүжилтийн шийдэл, чуулганыг зохион байгуулах аж. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://sustainable.arigbank.mn цахим хуудсаар авч болно.

+ There are no comments

Add yours