Одоогийн байдлаар Тайширын УЦС, Богдын УЦС нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг усны эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээр хангаж байна. Тайширын УЦС хоёр турбины горимоор 6 МВт, Богдын голын УЦС 1 МВт –ын ачаалалтай зэрэгцээ ажиллаж байна.Цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагаггүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас мөн зөвлөж байна.
Хөвсгөл аймаг өчигдөр 22.00 цагаас 15 цагийн турш гэрэл цахилгаангүй байгаа бөгөөд “Хөвсгөл Эрчим хүч” компаниас резеров дизель станцаар Нэгдсэн эмнэлэг, Удирдлагын ордон зэрэг шаардлагатай 1-р зэргийн хэрэглэгчдийг цагийн хязгаарлалттайгаар цахилгаанаар хангаж байгаа ажээ
Завхан аймагт эрчим хүчийг хэсэгчлэн өгч эхэлсэн бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм байна
Архангай аймгийн онцгой комисс өглөө 10.10 цагт хуралджээ. Гэмтэл гарсан газарт нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж, унасан тулгуур бетонон шонгуудыг шинээр хийх, төмөр шонгуудыг угсрах ажилд материал саатахгүй бол 3-4 хоногт засварлаж дуусахаар байгаа аж. Аймгийн төвийн Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд нийт 5 дизель мотор ажиллуулж байгаа бөгөөд усны эх үүсвэрт 380 КВ-ын цахилгаан гаргадаг дизель мотор байршуулж, аймгийн төвийн хүн амыг ундны усаар хангах шаардлагатай байгаа ажээ.
+ There are no comments
Add yours