ХОЁР ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТЫН ӨДӨР НИЙТЭЭР АМАРНА

Ирэх 7-нд буюу хоёр дахь шатны санал хураалтын өдөр бүх нийтээр амарна. Дахин санал хураалтад олонхийн саналыг авсан МАН-ын нэр дэвшигч М.Энхболд, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нар өрсөлдөх юм. Санал хураалтын дүнд сонгогчийн ирц, нэр дэвшигчид өгсөн саналын босго аль аль нь 50 хувиас дээш хувьтай байх юм. Хэрэв нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь бүрдээгүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна.

 Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрт санал авах байр, өдөр, цагийг заах ба амралтын өдөр зохион байгуулах ёстой. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчид оролцож, саналаа өгнө. Ингэснээр нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргахаар хуульчилжээ.
Иймд нэгэнт бүх нийтээр амрааж санал хураалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулж СЕХ-ноос иргэдээ дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг уриаллаа.

+ There are no comments

Add yours