Saturday, April 20 2024

Г.Шийлэгдамбад холбоотой авлигын хэргийг ирэх сард шүүнэ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох авлига, хээл хахуулийн хэргийг ирэх сарын 06-нд хэлэлцэнэ. Тус хэргийг өмнө нь хоёр ч удаа хэлэлцэхээр товлож байсан ч шүүгдэгчдийн өмгөөлөгч нь шүүх хуралд очоогүй юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдсон О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэдэг. Тиймээс шүүгдэгчдийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс ийнхүү хойшлуулсан билээ.

Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу онц их хэмжээний хээл хахууль асван хэрэгт буруутган, эд хөрөнгийг хурааж, 5-10 жил хорих ял санал болгожээ. Мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авсан хэрэгт буруутгаж, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэлх хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын дүгнэлт үйлдсэн байна.

Харин Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нарт хахууль өгсөн гэх “Метро нетворк” компанийн захирал Э.Гантулга, О.Даваасүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган, яллах дүгнэлт үйлдээд буй. Тус зүйл анги нь, Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, тэд төрийн өндөр албан тушаалтанд авлига өгсөн нь шүүхээр эцэслэн тогтоогдвол гурав хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Тэгвэл Г.Шийлэгдамба нарын холбогдсон хэргийг сэргээн сануулъя.  Г.Шийлэгдамба Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 19.5 сая ам.долларын өртөгтэй “Цахим эрүүл мэнд” төслийг Хятадын “HUAWEY” компани болон Монголын талаас “Метро нетворк” компанитай хамтарч хэрэгжүүлэхээр гэрээлсэн гэдэг. Гэвч “Метро нетворк” компани материалаа ирүүлсэн компаниудын нэрсийн  дунд байгаагүй нь шалгагдах үндэслэл болсныг хуулийнхан хэлдэг.

Үүнээс гадна Г.Шийлэгдамба шүүгдэгч О.Даваасүрэнгээс 50 мянган ам.доллар авч байгаад АТГ-ынханд анх баривлагдаж байв. Уг мөнгийг тэрээр Н.Энхбаяр даргын даалгавараар намын санхүүжилтийн хандиваар авсан гэж тайлбарладаг. Хэрэв баригдаагүй бол нэмж 120 мянган ам.доллар авах байсан гэж хэвлэлээр ярьсан нь ч бий. Ямартай ч Г.Шийлэгдамба, Г.Ганчимэг нар авлига авсан нь шүүхээр эцэслэн тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

+ There are no comments

Add yours

You May Also Like: