Wednesday, April 24 2024

Дахин санал хураалтад 7.2 тэрбум төгрөг зарцуулна

Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар СЕХ-ноос мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд 1.978.298 сонгогч, гадаадад байгаа 7374 сонгогч бүртгүүлсэн ч 1.357.788 сонгогч саналаа өгч, сонгуулийн ирц 68.27 хувьтай өндөрлөсөн байна. Ингээд сонгуулийн нэгдсэн дүнг СЕХ-ны хуралдаанаар авч хэлэлцээд ирц 50+1 хувьд хүрээгүй тул хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 09-нд явуулахаар шийдвэрлэжээ.  Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд дахин санал хураалт явагдах юм.

-Говь-Алтай аймгийн Цогт сумын сүлжээний кабелийг тасалсан байжээ-

Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн хэсгийн хорооны хамгийн сүүлийн мэдээ өнөөдөр 09.10 минутад ирсэн. Говь-Алтай аймгийн Цогт сумын 428 дэх хэсгийн хороо мэдээгээ дамжуулж чадахгүй саатсан байсан. Үүнийг манай Мэдээлэл технологийн шуурхай багийнхан болон ТЕГ-аас шалгахад Юнител, Мобикомын кабелийн сүлжээг нь тасалчихсан байсныг тогтоосон байна. Энэ мэт хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан баримтжуулан, шалгаж байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд 411.748 сонгогч буюу  нийт сонгогчдын 30,32 хувь, Х.Баттулга 517.478 санал буюу 38,11 хувь, МАХН С.Ганбаатар 409.899 санал буюу 30.19 хувийн санал авсан. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн нэг нь ч олонхийн санал аваагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар шийдвэрлэлээ.

СЕХ-ноос өнөөдрөөс эхлэн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажилдаа орж байна. Гадаадад буй иргэдийн саналыг долдугаар сарын 04-нд авна.  Хоёр дахь шатны санал хураалтыг явуулахад 7.2 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Үүнийг УИХ-аар батлуулж шийднэ. Мөн нэр дэвшигчид олонхийн саналыг авах буюу 50+1 санал авсан тохиолдолд сонгуулийн дүнг хүчинтэйд тооцно гэдгийг онцлоё. Дахин санал хураалт явуулахад ямар их зардал гардгийг та бүхэн харж байгаа болов уу. Энэ удаад сонгогчдын ирц дахин 50 хувьдаа хүрэхгүй бол сонгуулийг нэг мөсөн хүчингүй болгож, дахин сонгууль явуулах хуультай. Тиймээс сонгогчдыг дахин санал хураалтад идэвхтэй оролцохыг СЕХ-ноос уриалж байна” гэв.

Мөн тэрээр “Баян-Өлгий аймагт зарим хэсгийн хороодын саналын дүн нэлээд удаж ирсэн. Энэ нь санал хураалт дуусахад ажиглагчид саналын дүнг хэвлээд дамжуулах журамтай. Тэгээд техникийн тооллогоо хийгээд автоматжуулсан машины дүнтэй тулгаад дамжуулсан байна. Бид хүлээцтэй хандсан” гэлээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours

You May Also Like: