Thursday, April 18 2024

С.Ганбаатар: Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй

МАХН-ын удирдлагууд, тус намаас нэр дэвшигч С.Ганбаатар нар сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Сонгуулийн дүн гэж урьдаас дэглэсэн жүжиглэлтийн үр дүнг СЕХ-ноос мэдээллээ.  Та бүхний санал луйвар, олигархийн тэмцэл, бузар булай дээрмийн үнэнг илчилсэн бодит баримт боллоо. Та нарын өгсөн саналаар бол С.Ганбаатар ялсан. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо МАНАН бүлэглэлийн талд үйлчилж, сонгуулийн саналын үр дүнг будилаантууллаа. Тиймээс МАХН СЕХ-ноос гаргасан үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Гэвч булхай луйвраар Монголын нүүр царайг дэлхийд гутаасан сонгууль боллоо. Иймд бид СЕХ-г татан буулгах шаардлага хүргүүлж байна. Мөн сонгуулийн үр дүнг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Учир нь, СЕХ-ны дарга  Ч.Содномцэрэн шөнийн 24 цагийн үед мэдэгдэхдээ “22 цагийн байдлаар 1 сая 600 мянга гаруй сонгогч санал өгсөн байна гэж хэлсэн. Гэвч сонгуулийн үр дүнг мэдээллийг эцсийн байдлаар мэдээлэхдээ санал авах үеийн санал дээр 39067 санал даруй нэмсэн байна.  АН-ын нэр дэвшигч, МАН-ын нэр дэвшигчид хариуцлага тооцохгүй байсан атлаа МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарт 50 сая вонны хэрэг тохсон.  Тиймээс МАНАН бүлэглэлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж,  СЕХ-г татан буулгахыг шаардаж байна” гэв.

Мөн нэр дэвшигч С.Ганбаатар “СЕХ-ны мэдээллийг сонслоо. Хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна. МАХН-ын олон мянган гишүүд шударга ёсны төлөө тэмцсэн. Эрс шинэчлэлийн төлөө тэмцсэн иргэний нийгмийн байгууллагууд олон жил гадуурхагдсан. Монголын төр хулгайчгүй болох ёстой. Үүний төлөө тэмцэж байна. Тиймээс луйврын үр дүнтэй санал нийлж болохгүй. СЕХ 36 мянган амьгүй албатыг бий болголоо.  Монголын ард иргэд ээ, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэлээ.

Д.Думаа

+ There are no comments

Add yours

You May Also Like: