…СЭРҮҮН ЗҮҮДЭЛЖ

СЭРЖ МАРТАЦГАА!

Ажнай гэмээнэ нутгаа л үнсч гүйх унаган ус минь

Алганы минь хээ дагаж садарсан хөх цус минь

Дээгүүр чинь тэгнэх гүүрний хоёр ногоон арслан л

Дэргэдүүрээ өнгөрөх болгоноос усаа харамлаж архирах юм.

Чулуун арслангаас өөр өмөөрөх эзэнгүй юм бол

Чухамдаа тэгээд энэ чинь хэний гол юм бэ?! хэмээн яруу найрагч Ц.Чимэддорж хэлжээ. Энэ танд юу бодогдуулж байна вэ…

              Саалийн хувин угааж, савантай ус асгахыг цээрлэдэг Монгол ёсоо мартжээ

Өргөн уудам нутагтай, дэлгэр сайхан Монголд минь зуны тэргүүн сар аль хэдийнэ айлчилжээ. Байгаль гоо үзэсгэлэнгээ гайхуулж, хүмүүс түүний өнгө, зүй тогтлыг бахдан биширч сууна. Зарим нь хөнгөн бийрээ хөшиж, энэхэн улирлын өнгө төрхийг зураг, дуу, шүлэгт мөнхөлж буй. Гэхдээ үүнээс илүү эрхэм нандин, хайрлаж хамгаалж явах учиртай нэгэн зүйлийн маань өнгө төрх гундуухан харагдаж байгаа нь сэтгэлийг минь зовооход хүргэв. Энэ бол 1990 оныхон болон түүнээс  өмнөх үеийнхний сэтгэл зүрхэнд  сэрүүн тунгалаг гэсэн тодотголоор алдаршсан Сэлбэ гол. Энэхүү голын урсац өдөр өдрөөр татарч, хэзээ мөдгүй “амь тавьж”, “Энэ хэсгээр Сэлбэ урсдаг байлаа” гэж харуусан ярих цаг хаяанд ирсэн учраас Сэлбэ голыг сэргээхэд бага ч болов хувь нэмэр оруулж, шийдвэр гаргах төвшнийхний сонорт хүргэх үүднээс цуврал нийтлэл бэлтгэв.

Далайд дусал нэмэр гэдэг шиг хүн бүр чадах ядахаараа хөдөлж эхэлбэл Сэлбэ голын өнгө нэг л өдөр сэргэж, түүний сайхныг хүмүүс бишрэх нь дамжиггүй ээ. Тиймээс эхний удаад Сэлбэ голын өнөөдрийн дүр төрхийг дүрслэе. Хэн нэгэн энэ голын тухай дурсамж хүүрнэхэд яагаад ч юм юун түрүүнд “Арслантай гүүр” санаанд ордогсон. Арслантай гүүр дээрээс харахад үгээр илэрхийлж боломгүй хачин өнгө, урсаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй,  хог хөвсөн байх юм. “Бидний эмээ, өвөөгийн ярьдаг сэрүүн тунгалаг Сэлбэ гол мөн үү” гэж уулга алдмаар дүр төрх бий болжээ. Хотын төв хэсэгт хөл хөдөлгөөн ихтэй учраас энүүхэн энд л бохирдсон байж магадгүй хэмээн “Зуун айл” тал руу явахад мөн л адил. Бага байхад голын эрэг дагаад явахад сүүдэр минь голд тусдаг байж билээ. Харин түүний оронд гялгар тор, архины шил, шар айраг, ундааны сав, чихэр, нойлын цаас, тамхины хайрцаг зэрэг тоочиж үл барам хог новш усны толион дээр хөвсөөр. Үүгээр ч зогсохгүй зориуд авчирж тавьсан мэт том том цемент голын дунд байх бөгөөд  эрэгт нь ил гал түлсэн буйр харагдаж байлаа.

Цааш явах бүрт хог багасах биш улам нэмэгдсээр байхын сацуу зарим нэг хүн хивс, хувцас зэрэг ахуйн хэрэглээний зүйлийг голд угааж байхтай таарсан юм. Голын эрэг орчимд саалийн хувин угааж, савантай ус асгахыг хүртэл цээрлэдэг монгол ёс байдагсан. Гэтэл бүр гол дотор зогсч бохироо угаан ёс алдаж байгааг харах ичгүүртэй санагдав. Ийм л эмгэнэлтэй бас ичгүүртэй дүр зурагтай таарч, голын тухай миний сайхан бодол талаар өнгөрөв.  Хөнгөн чанарын зарим хог хаягдал салхинд хийсч гол руу ордог байж болох ч Сэлбэ гол дээд цэгтээ хүртэл бохирдсоны гол шалтгаан бол яах ч аргагүй хүний үйлдэл. Үүнээс бултах, түүнийг зөвтгөх гарц үгүй. Учир нь, Сэлбэ голын өнөөдрийн байгаа байдал үүнийг нотолж байгаа юм. Тиймээс Сэлбэ голын талаар сайхан дурсамж ярих, түүнийг сэргээх үйлсэд үнэтэй санал нэмэрлэх хүмүүсийг хайж хэд хэдэн хүнтэй уулзав. Тэдний дийлэнх нь “Ядаж хог хаямааргүй л байгаа юм. Энэ л иргэдийн зүгээс оруулж буй том хувь нэмэр” хэмээн учирлаж байлаа. Түүнчлэн голын эрэг дагуу эко тохижилт хийх хэрэгтэйг сануулсан юм. Ийн ярилцах зуур 80 дөхөж яваа бололтой нэгэн настан ийм дурсамж хүүрнэв. Тэрбээр “Сэлбийг өгсөхөд сэрүүхэн” гээд манай үеийнхэн дуулдаг байж билээ. Одоо ч тийм сэрүүхэн байдал мэдрэгдэхгүй л дээ. Нэгэн цагт Сэлбэ голд хүүхдүүд зундаа сэлж, өвөлдөө тэшүүрээр гулгаж, сэрүүн дэнжид нь залуус зугаалдаг байж билээ. Булаг шанд, загас жараахай ч ихтэй байсан даа, хөөрхий. Харин одоо тэр цагийг дурсахаас цаашгүй болж” хэмээн санаашрангуй ярилаа. Нийслэлийн гурван дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин урсч, хатан Туулд цутгадаг Сэлбэ голын маань дүр төрх бүдгэрсээр нэрнээс өөр зүйл үлдэхгүй болохвий хэмээн санаа зовних хүн цөөнгүй байдаг нь авууштай. Нэг хэсэг нь ийн шаналж явах зуурт зарим  нь ирээдүй хойч үеэ үл тоож, Монгол ёс уламжлалаа уландаа гишгэж, зөвхөн өнөө маргаашийг бодож бохирдуулсаар байна.  “Арслантай гүүр”-ээс “Зуун айл”-ын гүүр хүртэл голын эргийг тохижуулсан нэр төдий зүйл байх бөгөөд голын гольдиролд нь налуу цементэн багана босгожзагас амьдрах нөцөлийг бүрдүүлсэн гэнэ. Урсац бага, бохирдол ихтэй, амь нь тасрах дөхөж буй голд налуу багана босгосон нь голыг “боймилж” байгаа мэт харагдав. Үүнээс гадна иргэд явах замаа товчилж, чулуугаар гүүр тавьсан байх бөгөөд Сэлбэ гол түүнийг арай ядан давж байлаа.

СЭЛБЭ ГОЛ АРВААД МЕТР ӨРГӨНТЭЙ, СЭРҮҮН ТУНГАЛАГ, ШИРҮҮН УРСГАЛТАЙ БАЙЖЭЭ

“Сэлбийг өгсөхөд сэрүүхэн” хэмээн бидний өвөө, эмээ нарын дуулдаг байсан Сэлбэ гол өнөөдрийн эмгэнэлт байдалд хүрэхээс өмнө ямар байсныг эргэн сануулах үүднээс дараах мэдээллийг бэлтгэв. Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгийн салбар уулсад багтах бөгөөд далайн түвшнээс дээш 1510-1620 метр өндөрт оршдог бөгөөд нийт 342.2 км кв нутаг хамардаг байна. Энэ голын сав газарт ургамлын аймгийн долоон зүйл мод сөөг, 40 овгийн 183 зүйл ургамал байдаг аж. Амьтны аймгийн төрөл зүйл болох зараа, туулай, хэрэм, үнэг хярс, саарал чоно цөөн тоотой амьдарч, зэрлэг гахай, бор гөрөөс, хандгай, халиун буга, шилүүс гүйдлээр үзэгдэж, түр хугацаагаар амьдардаг байжээ. Үүгээр ч зогсохгүй 1950-аад оны үед  зарим иргэн Арслантай гүүрдээрээс том тул барьдаг байсан гэнэ. Дээр тодорхойлсон одоогийн дүр зургаас тэс өөр байсан нь харагдаж байгаа юм. Тухайн үед их хотын суурьшил бий болоогүй байсан учир дээр дурдсан нэр бүхий амьтдыг цаашид нутагших бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлж байсан гэнэ. Түүнчлэн Сэлбэ гол нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл орчны чухал бүрдэл хэсэг боловч экологийн талаасаа маш их бохирдож аюулд орсон гэдгийг сүүлд цохон тэмдэглэжээ. 1990 оноос хойш нийслэл рүү шилжин суурьших нь нэмэгдэж тэр дундаа голын ай сав газарт барилга байгууламж олноор барьж, бүтээн байгуулалтын ажил ид өрнөхтэй зэрэгцэн арваад метр өргөнтэй, сэрүүн тунгалаг, ширүүн урсгалтай Сэлбэ голын урсац татарч эхэлсэн түүхтэй аж. Тодруулбал, олон жилийн дундаж урсац нь 10-15 метр куб секунд байсан ч даруй хэд дахин багасч 0.2 метр куб секунд болтлоо доошилжээ.

       СЭЛБЭ ГОЛЫН СЭРГЭХ, ШИРГЭХ ЭСЭХ НЬ ХЭНЭЭС ХАМААРАЛТАЙ ВЭ

Сэлбэ гол бага багаар ширгэж буй талаар анх уран бүтээлдээ өгүүлж, энэ тал руу олны анхаарлыг чиглүүлсэн хүн бол яруу, найрагч Ц.Чимэддорж. Түүний шүлгийг уншигч танд хүргэж байна.  

Газрын хөх судас бүдэг бадагхан цохилно

Гал дундуур урсах мэт бөг бөг шогшино

Агсал буурал Туултайгаа хатирч л бэлчирдэг усан

Адуу бараадан дагах тушаатай морь шиг дэгэнэ

…Чин ван Ханддоржийн илдээ ширээсэн хатан ус юмсан

Чилгэр хөх баатрууд минь эргэж ирээд амссан ус юмсан

Чингэлтэй уулын  сэрүүн гүнж нүүрээ буруулах нь юу вэ?

…Дүүрэн Сэлбэ  биднийг ширгэтлээ сэлбэлээ

Дүнжингаравын хамаатан ус цусанд минь аслаа

Аз жаргалын диваажин сууцны чинь паалан хананы

Асуултын тэмдэг шиг цоргоноос нулимс болон дусалж байна

Улаан голоор чинь урсч байгаа

Улаанбаатар дундуур чинь  сажилж  байгаа

Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа

Улс амьтны хөлд гутаж байгаа

Уулсынхаа элгэнд хярж байгаа

Ухаан гуйн залбирч байгаа

Шидмэс шиг гол нэг л үүрээр

Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нээ…хэмээн хурц, шийдэмгий өгүүлсэн ч тухайн үедээ олныг сэрдхийлгэж, хэсэг хугацаанд хайрлаж, хамгаалах ёстой гэсэн үүднээс тодорхой ажлыг зохион байгуулж байсан боловч удаан үргэлжлээгүй учир өнөөдрийн байдалд хүрчээ. Яруу найрагчийн шүлэг танд нэгийг бодуулсан биз ээ. Учир нь, хог шороотой холилдож, нарийнхан судал татуулан урсах Сэлбэ голын сэргэх, ширгэх эсэх нь хүмүүсийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болсон. Бидний нүдний өмнө дундарч байгаа Сэлбэд ундарч сэргэх цаг бас бий. Түүнд бүх нийтээрээ боломж олгоё.

С.Юмсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.