Friday, April 19 2024

С.Залуухүү: “Говь” ХК-ийн дээврийн 80 хувь нь шатсан

“Говь” ХК-д их хэмжээний гал өчигдөр орой гарсныг унтраахаар онцгой байдлын алба хаагчид өнөө хэр ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар арга хэмжээ авч ажилласан талаарх мэдээллийг сонслоо.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү “Говь” ХК-нд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас найм, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч галыг унтраахаар ажиллаж байна. Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан. Өөрөөр хэлбэл, гал түймэр гарсан обьектын хэсэг төмөр бетон, дээгүүр нь 30 см орчим зузаан шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан карказ хийсэн,  6-7 давхар хар цаасан хучлагатай, хучлаганы завсар “замын хар”-аар бэхжүүлсэн нь галыг эрчимтэй тархааж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас таван тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас долоон тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч зургаа, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан. Агаар авангуут гал түймэр өндөр хэмжээгээр авалцах хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс гал түймрээс барилгын үндсэн хийц, бүтцийг хамгаалах, тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аврахаар ажилласан. Өнөөдрийн байдлаар гал түймэр унтрах шатандаа явж байна. Гал түймэрт барилгын дээврийн хэсэг өртсөн. Харин барилгын үндсэн бүтэц, тоног төхөөрөмж галд өртөөгүй. Унтраах үйл ажиллагааны явцад галын голомтыг дарж байсан учир барилгын үндсэн бүтцийг эвдээгүй” гэдгийг тодотголоо.

Товчхондоо “Говь” ХК-ийн зөвхөн дээврийн 80 хувь нь шатжээ. Онцгой байдлын алба хаагчид үйлдвэрийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг галаас гаргаж, тоног төхөөрөмжийг уснаас хамгаалсан байна.

Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Галын шалтгааныг тогтоосон уу?

-Галын шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоодог. Гал түймрийн голомт дээр цагдаагийн байгууллагынхан ажиллаж, 14 хоногийн дотор тогтоох хуулийн заалттай. Үйлдвэрт учирсан хохирлын хэмжээг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоодог. Барилгын дээврийн хэсгийн хохирлын хэмжээ гарна. Мөн шууд бусаар нөлөөлөх зүйл бий. Тухайлбал, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа хэд хоног тасалдахыг мэдэхгүй. Гал унтраах явцад ус их хэмжээгээр хэрэглэгддэг.  Тиймээс хэрэг бүртгэлийн явцад хохирлын хэмжээ тодорхой болно.

-Гал түймрийг унтраах тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байгаа вэ. Нисэх онгоц шаардлагатай байсан уу?

-Обьектийн гал түймрийг унтраахад олон улсын жишгээр нисэх онгоц хэрэглэж байсан тохиолдол байдаггүй. Ой хээрийн түймрийн хүндэрсэн үед нисэх онгоц хэрэглэдэг. Энэ нь далайгаас усыг  шууд  соруулдаг, далай тэнгисийн уснаас хутгаж авдаг савтай зэрэг  нисэх онгоц нь олон төрөл. Манай нөхцөлд нисэх онгоц ашиглах нь хүндрэлтэй. Гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хувьд анх байгуулагдсан цагаасаа тодорхой түвшинд дээшилсэн.

-Барилгын хэдэн хувь нь түймэрт өртсөн бэ?

-Нийт барилгын хэмжээ 30 гаруй мянган ам.метр. Үүний зөвхөн дээврийн нэмэлтээр хийсэн модон мансардны хэсэг л шатсан.

Дашрамд, үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан хоёр давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын есөн гарцтай аж.

+ There are no comments

Add yours

You May Also Like: