Голын хайргыг олборлосноор ундны ус аюулгүй байдал алдагдаж байна

Улаанбаатар хотын иргэдийн ундны усны  аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг тодорхойлох зорилгоор өнөөдөр УСУГ-аас НЗДТГ, БХБЯ, ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулав.
Улаанбаатар хотод 1.3 сая гаруй хүн ам оршин сууж байна. Тиймээс иргэдийг цэвэр, аюулгүй ундны усаар хангах нь Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм. Эх үүсвэрээс татсан ус шугам хоолойгоор дамжин хэрэглэгчид очих хүртэл 74 эрсдэлтэй учирдаг байна. Энэ нь байгалийн хүчин зүйл болон хүний буруутай үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм. Тухайлбал, Туул гол дагуух хайрга олборлогч аж ахуйн нэгжүүдийг нэрлэж болно. Хайрга нь гадаргын ус хөрсний гүнд шингэхэд цэвэршүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Голын хайргыг олборлосноор газрын гүнд бохир ус шингэх, улмаар иргэдийн ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж байгаа юм. Нийслэлээс Туул гол дагуух хайрга олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаа. Гэвч аж ахуйн нэгж болон хувь иргэд ундны усны чанар аюулгүй байдалтай холбоотой  томоохон асуудлыг хайхралгүйгээр эсэргүүцэх тохиолдол их байгаа гэдгийг УСУГ-ын мэргэжилтнүүд онцоллоо.

Монгол Улсад устай холбоотой хэд хэдэн төрлийн өвчлөл гардгийн дийлэнх нь ахуйн хэрэглээтэй холбоотой гэдгийг ЭМЯ-ны Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэг хэллээ.

Тэрбээр, “Устай холбоотой өвчлөл ихэвчлэн гэр хороололд гардаг. Өөрөөр хэлбэл, иргэд ус авах саваа цэвэрлэдэггүй, зориулалтын бус сав хэрэглэсэн, худгаас гэр хүртлээ зөөхдөө бохирдуулсан зэргээс үүдэн гэдэсний халдварт өвчин гарах нь их. Харин орон сууцанд очиж буй ус төвлөрсөн шугам сүлжээгээр хүрдэг тул стандартын шаардлага хангасан байдаг.

2012 оны үед Улаанбаатар хотын төвлөрсөн шугам сүлжээ хэт хуучирсан тул орон сууцанд очих ус бохирдох магадлалтай байсан. Тиймээс 2013 онд НИТХ-аас Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж 22 тэрбум төгрөг төсөвлөсний дийлэнхийг шугам сүлжээний шинэчлэлд зарцуулсны дүнд дээрх эрсдэл харьцангуй буурсан” хэмээв.

Нийслэлийн шугам сүлжээний 60 орчим хувь нь 10 ба түүнээс дээш жилийн насжилттай байгаа юм. Үүнийг шинэчлэх ажил үргэлжилсээр байгааг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөр онцлов.

Тухайлбал энэ онд 11а, 12а, 8а гэсэн гол шугамуудыг засварлахад 6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор 8а, 11а буюу Таван шараас Аравдугаар хороолол хүртэлх 400-ийн шугамыг 600 болгох ажлыг эхлүүлээд байгаа аж. Ингэснээр хэрэглэгчдийн дулааны хангамж болон ундны усны аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг дурьдсан юм.

Нийслэлийн иргэдийн хувьд ундны усны хангамж хүрэлцээтэй байгаа. Гэхдээ ирээдүйд үүсэх эсрдлээс хамгаалж, ундны усны нөөцөө бүрдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан дурьдаж байв. Өөрөөр хэлбэл, цэвэр усаа бие засах газартаа ашигладаг орон манайхаас өөр байхгүй юм. Тиймээс цэвэр усаа нөөцлөн, бие засах газар болон ногоон байгууламжаа услах, тордох ажилд саарал ус ашиглах шаардлагатай байгаа юм. Одоогоор саарал усыг зөвхөн зам талбай угаахад ашиглаж байгаа аж.

+ There are no comments

Add yours