Хүний эрхийн байгууллага иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэн Э Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж “Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс орон нутгийн удирдлагуудад тэтгэвэрт гарах насанд хүрсэн төрийн албан хаагчдыг хуулийн дагуу ажлаас чөлөөлж залуучуудыг ажлын байраар ханган ажиллах чиглэл өгсний дагуу манай сумын удирдлага  ажлаа өгөхийг шаардаж, удаа дараа доромжлон дарамталж ажлаас чөлөөлсөн” хэмээн гомдол гаргасан байна.

Уг гомдлын дагуу Комиссоос холбогдох ажиллагааг явуулахад тус сумын удирдлага иргэн Э-г хамт олных нь дунд нас, хүйсээр ялгаварлан зүй бус харьцсан, ажилтны хүсэлтийг харгалзалгүйгээр ажлаас нь чөлөөлсөн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23-р зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.2 дахь заалт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн тогтоогджээ.

Иймд Төрийн албаны зөвлөл болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга И.Дашдорж нарт иргэн Э-ийн зөрчигдсөн эрхийг сэргээх, дахин ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч ажиллах талаарх Комиссын гишүүний Зөвлөмж хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс Өвөрхангай аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаарт албан бичгээр хүргүүлсэн албан бичгийг хүчингүй болгож, иргэн Э-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилд нь эргүүлэн томилохоор болсон байна.

Г.ГЭРЛЭЭ

1 Comment

Add yours

+ Leave a Comment