Иргэдээс талархлын захидал иржээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэд “Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км урт замыг шинээр тавина гэсэн шалтгаанаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 9, 10 дугаар хэсэгт олон жил амьдарч байгаа 182 өрхөд газраа чөлөөлөх мэдэгдлийг Нийслэлийн газрын албанаас ирүүллээ. Бид оршин суугаа газар дээрээ ногоо тарьж, хувийн аж ахуй эрхэлж ирсэн бөгөөд бидний аж ахуй газрыг дайруулахгүйгээр шинэ замаа тавих боломжтой байсаар атал бидний өмч хөрөнгө, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхэнд халдаж байна” гэсэн гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисст 2017 оны 5 дугаар сард ирүүлжээ.

Уг гомдолтой холбогдуулан Комиссоос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шинээр тавихаар төлөвлөж буй замыг иргэдийн эрх ашигт хохирол учруулахгүй байдлаар тавих боломжтой эсэх талаар тодруулсны дагуу Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас”Баянзүрх дүүргийн товчоо орчмын 0.34-5.5 км авто зам, гүүрийн трассыг өөрчилж, иргэдийн өмч хөрөнгөд халдахгүйгээр шийдвэрлэхээр ажиллаж байна” гэсэн хариуг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/745 дугаарт албан бичгээр хүргүүлсэн байна.

БЗД-ийн 11 дүгээр хорооны иргэн Н Комисст ирүүлсэн талархлын захиандаа “Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийслэлийн Засаг Даргад хүргүүлсэн албан бичгийг үндэслэн шинээр тавих замын зураг төслөө өөрчлөхөөр боллоо. Бидний санал гомдол, эрх ашгийг хамгаалж гүн туслалцаа үзүүлсэнд маш их талархаж байна” гэжээ.

 Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours