Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийг хувьчилсан уу

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэхээр товлосон гэдгийг хуралдаан даргалагч хэллээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, “JCI олон улсын байгууллагын Ази-Номхон далайн 2017 оны чуулган “JCI 2017 ASPAC” Улаанбаатар хотноо эхэлж байна. Чуулганд орлцож буй дэлхийн 51 орны 3500 манлайлагчдад баяр хүргэе. Энэ бол АСЕМ-аас дутуугүй арга хэмжээ. Дэлхий Монголд цугларч байхад өнөөдөр  төв талбайгаа ухаж эхэлсэн нь ямар учиртай юм бэ. Энэ хурлын эрхийг Монгол анх удаа хэдэн жилийн өмнө авч байсан. Ер нь ойрдоо нийслэлийн газартай холбоотой маш олон асуудал хөндөгдөж байна. Д.Сүхбаатарын ухаж байгаа тэр хэсгийг хувьчлаад авсан гээд байгаа. Иймд нийслэлийн удирдлагуудаас тайлбар сонсмоор байна” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хэлэлцэх асуудлын дараалалд приусын татварын асуудал яагаад орж ирсэнгүй вэ. Тус шийдвэрийг эсэргүүцэж приус шатаасан иргэнийг занданчлах гэсэн сэдлээр хорьж цагдаж байгаа нь утгагүй. Ер нь НӨАТ-ыг 3 хувь болгомоор байна. Тансаг амьдраад байгаа иргэн ер нь байхгүй байна шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг дээгүүрт оруулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргав.
Тэдгээрт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, “Д.Сүхбаатарын талбайн засагдаагүй хэсэгт 150 машины зогсоол барих юм гэсэн. Байнгын хорооны түвшинд энэ талаар тайлбар авна биз. О.Баасанхүү гишүүний санал дээр хэлэхэд, гэм буруугүй бол нэн даруй суллах хуулийн заалт үйлчилнэ байх. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хууль наашлуулж хэлэлцэх саналыг хүлээж авлаа” гэсэн юм.

Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэв. Одоо “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

+ There are no comments

Add yours