Миеэ унавал юу болох вэ

Миеэ унавал юу болох вэ

Хэвлэлүүд М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараахь улс төрийн нөхцөл байдлыг онцлон бичих болжээ. Сонгуулийн үр дүнг ийн мэргэлж байгаа нь мэргэжлийн сэтгүүл зүйг гэхээсээ Гандангийн гаднахь төлөгчийг санагдуулна. Тиймээс тэнцвэржүүлэх үүднээс Миеэ унавал юу болох талаар эргэцүүлэхэд гэмгүй байх. М.Энхболд нэр дэвшигч ч өөрөө энэ талаар тооцож үзсэн нь лавтай.

Ялсан намын дарга Ерөнхий сайдын суудлыг гуйж биш нэхэж авдаг. С.Баяр яг энэ зарчмаар түүнээс эхлээд намын даргыг, дараа нь Ерөнхий сайдын суудлыг нь нэхэж авч байсан удаатай. Тогтсон стандартыг хэрэгжүүлэхийг шаардсаар М.Энхболдоос бүх эрх мэдлийг нь салгаж чадсан С.Баяр хожим “Стандарт бус шийдвэр” гаргаж, хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш МАН-д тогтсон дэг жаяг тогтмол эвдэгдэх болжээ. Энэ жишгийг М.Энхболд үргэлжлүүлж, 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч Ерөнхий сайдын суудлыг нэхэхийн оронд спикерийн алх барихыг илүүд үзэв. Энэ нь намынх нь лидерүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Гэхдээ голдуу Ерөнхийлөгчийн суудалд горилогчдын эгдүүцлийг өдөөсөн. Нөгөө талд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын сэнтийг зүүдлэгчдийн магнайг тэнийлгэжээ. Магнай нь тэнийж, үрчлээ нь арилаад зогсохгүй “зүүд”-ээ ажил хэрэг болгох үйл хэрэгт түлхэж орхив.

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвших нь тэдэнд аль аль талаараа ашигтай. Ялаад Ерөнхийлөгч болчихвол дэвшүүлэн зайлуулж байгаагаас өөрцгүй. Нэгэнт намын дарга, спикерийн алхаа намынхаа боловсон хүчинд тушаасан түүнийг хожмын Н.Энхбаяр болгох шиг амархан зүйл үгүй.  Нөгөө талаас ялагдаад ирвэл хариуцлага нэхэх том аян МАН дотор өрнөх болно.  2016 онд дараалалсан хоёр том ялалт байгуулсан намд анхных нь том ялагдлыг амсуулсан хүн зүгээр өнгөрнө гэж байхгүй. Нэгт тэр хүн намынх нь дарга, хоёрт УИХ-ын дарга, гуравт боломжит кандитатуудыг эрх мэдлээрээ хааж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ялтай. Тийм учраас хариуцлага яригдах нь батлагдсан теорем. Бодлогын хариу нь М.Энхболд эхний ээлжид намын даргаа өгнө. Намын дарга авсан хүн дүрмээ барьж, Ерөнхий сайдын суудлыг нэхэж, хариуцлагаа бүрэн үүрүүлэхийг шаардана. Дараа нь спикерийн алх байвал зохих хүндээ очихыг шаардсан шаардлага биеллээ олно. Тэгэхээр М.Энхболд гэдэг хүн маш том бооцоо тавьж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гэсэн үг. Нөгөө талд түүний эсрэг хүчнийг толгойлж буй У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар түүнийг тулж түших ёстой баганыг нь чадлынхаа хэрээр ганхуулах ажлыг завсар зайгүй хийж байна. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхдийн гэмээр алдааг удаа дараа гаргаж байгаа нь санамсаргүй тохиолдол гэвэл У.Хүрэлсүх, Ц.Нямдорж тэргүүтнийг үл хүндэтгэсэн хэрэг болно. Засгийн сайд нарын тогоон дотроо хуваасан 800 тэрбумын концессын факт, Приусны татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, ипотекын зээлийг зогсоосон асуудал, Монполиметын их өр, МАК-д өгсөн концессын асуудал хэвлэлийн хуудсаар дамжуулан олон нийтэд А, Б-гүй ил болсон нь санамсаргүй тохиолдол гэвэл дэндүү гэнэн дүгнэлт болно.

Тэрчлэн Боловсролын сайд Ж.Батсуурь бол Батлан хамгаалахын сайд, Зам тээврийн сайд нарын хажууд Бурхан бодьства л гэсэн үг. Түүнийг огцруулсан шалтгаан бол зүгээр л шалтаг. Нам дотроо албан тушаалаар цангаж байгаа бүлэглэлийн ам руу хоол хийж өгч байгаа л асуудал. Гэлээ гээд улам л өлсгөнө үү, гэхээс цатгахгүй гэдгийг тооцохгүй байх шиг. Тооцсон ч өөр арга байгаагүй биз. Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч ялсан ч, эс ялсан ч энэ нам дотор бугшсан идээ бээр зад үсрэх нь тодорхой. Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газар дарьтай торх болоод удсан. Түүнийг нь Шадар сайд, УИХ-ын дэд дарга гэх нам дотроо хоёрдугаар эрх мэдэл атгасан хүмүүс дотроос нь, дороос нь өрдөж байгаа нь нэгэнт ил болжээ. Учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үр дүнгээс үл хамааран засаг унана, МАН доторхи хүчний хуваарилалт дахин явагдана гэдэгт 200 хувь итгэлтэй байгаа нь анзаарахгүй байхын аргагүй факт. Нэг үгээр хэлбэл, эрх баригчид шинэ удирдлагаа хэдийнэ хүлээн зөвшөөрч, МАН-д явагдах шинэчлэлийн уур амьсгал нэгэнт бүрджээ.

АН- сонгуулийн штаб

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.