МАН-ын дордуулахын долоо монголчуудыг мөлхүүллээ

МАН төрийн эрх барьж байгаа он жилүүдэд монголчууд урд хожид байгаагүйгээр мөлхөж, тусгаар улсад минь дундаж давхрага байхгүй болох нь. Уучлаарай, ёрлож байгаа юм биш. МАН-ын бодлого тийм. Тэд эх орноо, элгэн саднаа “дордуулахын долоо”-н татвараар нэгмөсөн мөлхүүлэхээр ажиллаад эхэлчихлээ. Аль улсын бодлого, хэн гээчийн захиалга гэдгийг учир мэдэх зарим нь гадарлаж л байгаа байх. Гэхдээ учир мэдэх хүмүүсийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь боомилж байгаад  “Дордуулахын долоо”-гоо хэрэгжүүлж байгаа нь гачлантай.

Дордуулахын долоо ингэж эхлэв

Дордуулахын долоон татвараар монголчуудыг мөлхүүлэх бодлогыг МАН төрийн эрх авсан эхний өдрөөсөө хэрэгжүүлж эхэлсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Шинэ төрлийн татвар бий болгохгүй, нэмэхгүй” гэж бичсэн нь хөөрхий бидэнд шилний цаанаас чихэр долоолгосон хэрэг байлаа. Засгийн эрхэнд гарч, Монгол улсын сангийн авдрыг атгасан даруйдаа Б.Чойжилсүрэн “Хурд”-ынхныгаа загнаж байгаа аятай “Та нарын татварыг нэмж төсвийн орлогыг өсгөнө” гэж ард түмнээ занаж, дарамтлахаас ажлаа эхэлсэн билээ. Эрхэм сайд төсвийн тодотгол боловсруулсаныг УИХ ээлжит бус чуулган зарлан хэлэлцэж байсан. Уг тодотголын амин сүнс, гол зорилго нь долоон төрлийн татвар нэмж, төсвийн алдагдлыг нөхөх байв. Коммунист намын эрхэнд нэгмөсөн орсон гэдгээ ухаарч амжаагүй ард түмэн тэр үед сангийн сайдыг эсэргүүцэн боссон. УИХ-д цөөнх байгаа эрх мэдэл нэгээхэн ч үгүй АН-ын бүлэг ч иргэдэд бодит байдлыг мэдээлж байв. Үнэндээ төсвийн тодотголоор татвар нэмж, иргэдээ “аврах” нь сангийн сайд гэх “барилгачин”-ы санаа огтхон ч биш. Б.Чойжилсүрэн хэмээх “Утсан хүүхэлдэйгээ” гэнэт том дуугаргасан М.Энхболд тэргүүтэй МАН-ын томчууд баахан цаг зөвлөлдөж массыг бухимдуулахгүйгээр аажмаар дордуулах төлөвлөгөөгөө боловсруулсан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлдсэн байдаг. Сонгуулийн салхи хатаагүй байхад ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө зөрчиж харагдах нь тэдэнд онцгүй байсан хэрэг. Тиймээс “утсан хүүхэлдэй”-гээ намынхнаараа баахан загнуулж байгаад татвар нэмэхээ больсон гэх алдарт улс төрийн шийдвэр гаргасан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлджээ.

Харамсалтай нь хэдхэн сарын дараа МАН-ын томчууд өнөөх “дордуулахын долоо”-гийнхоо зүсийг багахан хувиргаад “Олон улсын валютын сан (ОУВС) татвараа нэм гэж тулгаад байна. Ард түмэн та бүхнийхээ төлөө, улсынхаа тулд үгийг нь дагахаас аргагүй” гэж мэдэгдсэн. Тэгтэл Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер “Ямар зардлыг танах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь асуудал” гэж өдөр тутмын сонинд ярилцлага өгсөн. Өөрөөр хэлбэл, татвараа нэмэх эсэх нь танай улсын асуудал гэдгийг хэлсэн хэрэг. Гэтэл МАН ОУВС-ийн нэрээр “Дордуулахын долоо”-гоо хэрэгжүүлэв. Монголчууд үүнийг молигдож, муухайгаар бол мурих гэдэг юм. Төрийн эрхэнд гарчихаад иргэдийнхээ модыг бариулах “дордуулахын долоо”-гоо олон улсын байгууллагын нэр барьж байгааг дэлхий нийт ажиглаж байгаа. МАХН (МАН)-ын эрх барьсан 90 жилдээ монголчуудыг харанхуй тогоонд, дэлхийгээс тусгаарлаж байсан. Ардчилал ялсан он жилүүдэд монголчууд дэлхийд, дэлхий монголчуудад дэлгэмэл болсон гэдгийг МАН-аас бусад нь мэднэ. МАН-ын муриа, молиго зан дэлхий нийтэд Монголын нэр хүндийг унагаж, хөрөнгө оруулагчдыг үргээсэн нь ийм. Хөрөнгө оруулагчид үгүй бол Хятадаас авсан их хэмжээний зээлэнд ороогдож Монгол Улсын тусгаар тогтнол ч эрсдэлд учирна гэдгийг эдийн засагчид сануулж байгаа. Хөрөнгө оруулагчид Монголд саатахгүй бол ажлын байр эзгүйдэж ард түмэн “дордуулахын долоо”-н татвараа төлөх ч тэнхэлгүй болно.

Ингэж хэрэгжив

Ийм удиртгалтайгаар МАН ард түмнийг доройтуулах “Дордохын долоон” татвараа олонхиороо түрий барин баталлаа. 2017 оны улсын төсвийг тодотгосон хуулийг УИХ  дөрөвдүгээр сарын 13-нд баталсан нь түүхэнд “Монголчуудыг дордуулсан” гэдэг тодотголтойгоор үлдэх нь гарцаагүй. Тодруулбал, энэхүү хуулиар долоон төрлийн татварыг нэмсэн. Засгийн газар ОУВС-гийн зөвлөснөөр, тэдэнтэй хэлэлцсэн ёсоор татварыг нэмсэн гэж иргэдийг хуурч байгааг молиго гэдгийг ард түмэн андахгүй байгаа.

УИХ-ын сонгуулийн амлалтаасаа 100 хувь ухарч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ард түмний нуруун дээр дааж давахгүй ачаа үүрүүлсэн МАН улсынхаа төлөө ажиллахгүйгээ тодорхой харууллаа.

“Дордуулахын долоон” татварыг нэмснээр иргэд машин унах чадалгүй, хүүхдийнхээ ирээдүйд хэдэн төгрөг банкинд хийчих мэдэлгүй, цалингаа бүрэн авчих эрхгүй, бизнес эрхэлж улсаа хөгжүүлэх боломжгүйгээр туйлдаж байна. Тодруулбал,

-Хадгаламжийн хүүний орлогоос их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар авч эхэллээ. Өнөөдөр ажил хийж байгаа иргэд хүүхдийнхээ ирээдүйд зориулж цалингаасаа хадгаламж үүсгэдэг. Арилжааны банкууд ч энэхүү хуримталыг дэмжиж хүүгийн уян бодлого баримталж ирсэн. Гэтэл МАН “дордуулахын долоо”-г хэрэгжүүлснээр хүүнээс нь татвар ногдуулав. Ингэснээр үр хүүхэддээ зориулж хуримтал үүсгэх боломжийг зогсоож, ирээдүйн хөрөнгө оруулалтыг нь таслав.

-Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмэв. АН эрх барьсан он жилүүдэд “Приус” маркийн автомашины татварыг тэглэж иргэдээ унаажуулсан. Гэтэл МАН “Приус”-ын татварыг 5 сая, хос хөдөлгүүртэй суудлын машины татварыг 5.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэв. Ингэснээр Монголд дээд давхрагынхан үнэтэй жийп хөлөглөж, ард түмэн явган алхах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

-Ирэх оноос хөдөлмөр эрхлэгчдийн цалин буурна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хувь хүний орлогын түвшнээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулахаар МАН хуульчиллаа. Энэ бодлогоор таны авдаг цалин буурна гэсэн үг.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлж, 10 хувийг 11, 11 хувийг 12 болгож хоёр хувиар нэмэгдүүлэхээр болов.  Ингэснээр хөдөлмөр эрхлэгчдийн 85 орчим хувийнх нь цалин буурах тооцоо байна.

-Иргэдийнхээ цалин бууруулах шийдвэр гаргасан МАН бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж иргэдийнхээ амьжиргааг дордуулах бодлогоор ажиллаж байна. Сарын дараа автобензин, дизель түлшний онцгой албан татвар нэмэгдэнэ. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх нөхцөл бүрдлээ.

-Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг ирэх онд 10, 2019 онд тав, 2020 онд таван хувиар нэмэгдүүлнэ.

-Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөнө. Архи, тамхины татвар нэмж байгаа нь өнгөц харахад гоё. Гэвч архи, тамхи үйлдвэрлэгч, импортлогчид нэмж төлж байгаа татвараа бүтээгдэхүүнийхээ үнэд суутгана. Эргээд ард түмний нуруун дээрх ачаа хүндрэнэ.

МАН-ын “Дордуулахын долоо” татвар ингэж хэрэгжиж, ард түмэн бүсээ тултал чангалж байна.

Үр дүн ингэж гарна

Үр дүнд нь ард түмний амьдрал доройтож, Монголд баян ядуугийн ялгаа тэнгэр газар шиг болно. Энэ бол МАН-ын хэрэгжүүлж байгаа далд бодлого. Ингэж хардахын учир нь МАН иргэдийнхээ “Шүүсийг шахаж” байгаа атлаа өөрсдийнхөө зардлыг танах арга хэмжээ аваагүй. Дэд сайдын суудлаа танахгүй атлаа таны нуруун дээрх ачааг тултал нэмж байгааг Монголын төлөөх бодлого гэхэд хэцүү.

Цалин буурна, хадгаламжаасаа хүү авахгүй, зээлээ төлж дийлэхгүй байтал машин, шатахуун, идэж уух өмсч зүүх нь үнэтэй болохоор иргэд элгээрээ мөлхөхөөс аргагүй. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Төр өндөр татвар авч томрохын хэрээр иргэд, бизнес эрхлэгчид жижгэрдэг. Хэрэглэх, хөрөнгө оруулах юмыг нь татвар гээд авчихаад байгаа учраас багасч, жижгэрэхээс аргагүй л дээ. Төр татвар авна гэдэг нь нийгмийн хэрэглээг багасгаж буй хэрэг. Хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг ч багасгаж байна” гэж ярьсан. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хямралтай үед татвар нэмсэн улс нэг ч байхгүй” гэж ярьсан удаатай. Гэтэл МАН татвараар сонгогчдоо дарамталж, бизнес эрхлэгчид арга ядахдаа мэдэгдэл гаргаад сууж байна.

Ийм бодлогыг эрх баригчид ганцхан жилийн дотор тулгаж, ард түмэн хэрэгжүүлж эхэллээ. Тиймээс ташуургүй МАН-д амжиж сануулга өгөх боломж иргэдэд ганцхан үлдлээ. Эс бөгөөс ирэх жилүүдэд бүтэн Монгол, бүлээн айл үлдэхгүй нь ээ.

 Ардчилсан намын сонгуулийн штаб

+ There are no comments

Add yours