Friday, March 29 2024

Монголбанк өрийн асуудлаар тайлбар хийлээ

Алтны арилжаанаас үүсэлтэй “Монполимет” компанийн хариуцах авлагыг эрсдэлийн сангаас хаасан гэх мэдээлэлд Монголбанкнаас тайлбар хийлээ.

Тус банкны зүгээс “2001-2007 оны хооронд Монголбанкнаас алт олборлогч Монполимет, Эрдэс холдинг, Монгол газар, Хайлааст зэрэг компаниудтай алтны үнийн огцом өөрчлөлтөөс сэргийлэх, компаниудын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор тэдний өгсөн захиалгын дагуу алт худалдах, худалдан авах нөхцөлтэй алтны үнэд суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгсэлийн хэлцлийг гадаадын банк, санхүүгийн байгууллагатай хийсэн. Тухайн үеийн Монголбанкны удирдлага, компани аль аль нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж Монголбанкинд алдагдал үүссэн.

Уг хэлцлээр Монполимет компанийн 882.7 сая төгрөг, 3.9 сая ам.доллар, Эрдэс холдинг компанийн 36.8 сая төгрөг, 7.2 сая  ам.доллар, Хайлааст компанийн 87.9 сая төгрөг, 1.78 сая ам.доллар; Монгол газар компанийн 513.6 сая төгрөг, 5.06 сая ам.долларын өр төлбөр тус тус Монголбанкинд бүртгэлтэй байгаа болно. Монполимет компанийн хариуцах төлбөртэй холбоотой Монголбанкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Монголбанк холбогдох хууль тогтоомжийн дагуу эрсдэлийн сангаас хаасан” гэж тайлбарлажээ.

Мөн бусад компанийн өр төлбөрийг авлага барагдуулах үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр хянан шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэгдсэн байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: