Ш.Цэрэннадмид: Хомроглон халалт цаашид ч үргэлжлэх шинжтэй байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлуудыг үндэслэлгүй ажлаас нь халж байгаа талаар 9, 18, 67,107 дугаар сургуулийн захирлууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

СХД-ийн 9-р сургуулийн захирал асан А.Батжаргал “2016-2017 оны хичээлийн жил эхэлснээс хойш СХД-ийн 9-р сургууль дээр нийт найман удаагийн шалгалт явагдсан. Энэ найман удаагийн шалгалтаар ямар нэгэн ажлаас халах баримт олж чадахгүй болохоор бага ангийн 14 кабинетэд эцэг эхийн хандив туслалцаатайгаар 2015-2016 оны хичээлийн жилд 14 телевизэр авч тавьсан гэдгээр шалтаглаж ажлаас халсан. Ажлаас халагдсан захирлуудын Нийслэлийн Засаг даргын захирамжийг хооронд нь тулгаж үзэхэд СХД-ийн 9-р сургуулийн А.Батжаргал гэдэг энэ ганц өгүүлбэрийг л сольсон.

Захирлуудыг халсан бүх захирамжууд үг үсгийн хувьд ижилхэн. ХУД-ийн 18- р сургуулийн захирал А.Чинбат, 107- р сургуулийн захирал Ш.Цэрэннадмид, 67-р сургуулийн захирал н.Алтансүх гэсэн нэр нь л өөр. Эндээс харахад бүх захирлуудыг дүүрэг дээр гаргасан эхний ээлжинд халах ёстой хүмүүсийн жагсаалтаа л баримталж халсан байгаа юм” гэв.

Харин 107-р сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмид “Одоогийн эрх баригчдад хүний ажил мэргэжил, нас хүйс, мэдлэг чадвар ямар ч хамаагүй. Харин албан тушаалд хүрэхэд нь хойно урд нь орж цүнхийг нь барьж гүйсэн нөхдүүд хэн ч байсан хамаагүй ажил албанд очдог болсноор боловсролын байгууллага улс төрөөс хараат болж байгаа нь харамсалтай байна.

Би 2017 оны гуравдугаар сарын 10-нд 107-р сургуулийн захирлын ажлаасаа халагдсан. Ажлаас халсан шалтгаан нь 2017 онд манай сургууль 10 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэхдээ ойг угтаж хийсэн бүтээн байгуулалтын ажилд зориулж хууль бус мөнгө хураасан гэж байгаа юм. Бид сургуулийнхаа ойг угтаж 21 сая төгрөг цуглуулж бүтээн байгуулалтын ажил хийсэн. Ингэхдээ тус сургуулийн эцэг эх, багш ажилчид, эцэг эх, төгсөгчдийн нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр хандивласан мөнгийг ашигласан. Нэг сурагчийн эцэг эхээс 10,000 төгрөг хандивласны 3,000 төгрөгийг нь ангиудын урсгал засварт зарцуулж, үлдсэн 7,000 төгрөгийг нь бүтээн байгуулалтад зарцуулсан. Энэ нь ямар бага мөнгөөр ямар их зүйл хийж болох боломж байгааг харуулсан.

Хомроглон халалт цаашид ч үргэлжлэх шинжтэй байна. Одоогийн байдлаар миний ажиллаж байсан 107-р сургуулийн ня-бо, нэг багш ажлаасаа халагдаад байгаа. Одоо 107-р сургуулийнхан шивнэж ярьдаг болсон. Цаашид боловсролын салбарыг улс төржүүлэхгүй байх үүднээс энэ хурлыг хийж байна” гэлээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours