Thursday, March 28 2024

Ерөнхийлөгчийн иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих бодлогод дүн тавина

Монголын медиа корпорацийн “Ардын үг” зөвлөлдөх аян үргэлжилж байна. “Ардын үг” аянаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаа буюу өнгөрсөн найман жилд хийсэн ажлыг салбар салбараар нь сэдэвчлэн хэлэлцүүлж, иргэдээр дүн тавиулж байгаа.

Энэ удаа тав дахь хэлэлцүүлгийн сэдвээ олон нийтэд танилцуулан, мэдээлэлжүүлэх аянаа зохион байгуулж буй юм. Өмнө нь бид Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлого, Монгол өв соёл, Монголын түүхийг сурталчлан таниулах, монгол хүнээ дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, Шударга ёсыг тогтоох, шүүхийн шинэчлэл, авлигтай тэмцэх бодлого, үйл ажиллагаа, Ногоон хөгжил, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогуудын  хэрэгжилтийн талаар “Ардын үг” зөвлөлдөх хэлэлцүүлгээ зохион байгуулсан билээ. Иргэдийн дундаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон “Ардын эксперт”-үүд зөвлөлдөх ардчиллын зарчмаар хэлэлцүүлэг өрнүүлэн Ерөнхийлөгчийн дээрх бодлого, үйл ажиллагаанд хараат бусаар дүн тавьсан.

Тэгвэл энэ долоо хоногийн турш өрнөх ээлжит хэлэлцүүлгийн сэдэв нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Иргэдийн оролцоо, эдийн засгийг дэмжих чиглэлээр хийсэн ажил, санаачилга, бодлого, шийдвэрүүд юм. Иргэдийн оролцоог хангаж, төсвийн төвлөрлийг сааруулах, шууд ардчиллыг дэмжих чиглэлээр Ерөнхийлөгч өнгөрсөн жилүүдэд олон зарлиг шийдвэр гаргаж, өөрөө энэ бүхнийг оройлон ажиллажээ.
Тухайлбал тэрээр 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа төвлөрлийг сааруулах, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар анхаарч тодорхой алхмууд хийсэн. Учир нь энэ бодлого Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөрийн гол цөм нь байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх энэхүү бодлогоо иргэдийн оролцоонд тулгуурлан хийхээр зорьж орон нутгийн төсвийн харилцаанд өөрчлөлт оруулах асуудлыг судлах ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа байгуулж байв. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү санал, санаачилгад тулгуурлан УИХ 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Төсвийн хуульд өөрчлөлт оруулж Орон нутгийн хөгжлийн санг байгуулсан билээ. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар Шилэн дансны хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан нь иргэдийн оролцоог хангах, эдийн засгийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулан орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон юм.

 

+ There are no comments

Add yours

You May Also Like: