Цагдаагийн нохой хэрэг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас албаны нохойн үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэх, албаны нохой ашиглан гэмт хэргийг илрүүлэх ажлын үр дүнг дээшлүүлэхэд анхаарч, олон талт ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

Албаны нохой, морь сургалтын тасгийг “Албаны нохойн сургалтын хэлтэс” болгон өргөжүүлснээс гадна мал эмнэлэг, үржлийн асуудлыг сайжруулах зорилгоор судалгаа хийж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/180 дугаар тушаалаар Мал эмнэлэг, үржлийн хэсгийг шинээр байгуулсан. Энэ ажлын хүрээнд албаны нохойн байруудыг ашиглалтад оруулсанаас гадна олон улсын стандарт, шаардлагыг хангахуйц өвөл, зуны зориулалттай нохойн үржлийн 2 байрыг шинээр барьж, анх удаа дотооддоо удам угшал сайтай албаны нохойн нөхөн хангалтыг бэлтгэх ажлыг эхлүүлж, үржлийн Герман болон кавказ овчарка, Роттвейлер, Малиуна зэрэг үүлдрийн эр, эм нохдыг зохих шалгуурын дагуу сонгон авч, үржүүлэн стандарт шаардлагад нийцсэн нохойг бэлтгэх үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Үржлийн үр дүнд орон нутгийн 15 аймаг дахь цагдаагийн газрыг нохойгоор хангаж, Эрэл-мөрдлөгийн чиглэлээр нохойн төлөөлөгч бэлтгэх сургалтыг явуулж байна.

Цагдаагийн байгууллагын албаны нохойн үйл ажиллагаанд гадаад орны дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд албаны нохойг сургаж, дадлагажуулах зорилгоор хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодис эрж хайх, илрүүлэх чиглэлээр БНХАУ-д албаны нохой сургах 3 сарын сургалтад 4, аврах, эрэн хайх чиглэлээр БНСУ-д 14 хоногийн сургалтад 2 алба хаагчийг тус тус хамруулсан. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөтөч нохой, харуул, хамгаалалтын нохой, бусад хууль сахиулах байгууллагуудын албаны нохойг сургаж бэлтгэх ажлыг төлөвлөн, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Цагдаагийн байгууллагаас дээрх ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд 2016 онд нохойн төлөөлөгч нар 1764 удаа, 35276 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлаганд 2030 удаа очиж, албаны нохойг 739 удаа ашиглан, 157 сая 785 мянган төгрөгийн хохиролтой, 171 холбогдогчтой, 151 гэмт хэргийг илрүүлэн ажиллажээ.
2017 оны эхний хагас жилийн байдлаар албаны нохойг мөрдлөгө, сонгон ололт, самнан нэгжилт хэлбэрээр ашиглан 85 гэмт хэргийг шуурхай илрүүлээд байна.

Тухайлбал, энэ оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э-ээс ирүүлсэн “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагын дагуу Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, албаны УОКС дуудлагатай нохойг мөрдлөг хэлбэрээр ашиглан, тухайн гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж, гэмт этгээдийг баривчилжээ.
Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн тус хурдан удмын морийг хулгайлан махалж байгаад баригдсан гэмт хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл нь 2016 оны шилдэг нохойн төлөөлөгчөөр шалгарч байжээ.

Г.Думаа

+ There are no comments

Add yours