Энэ асуудлаар БОАЖЯ-ны холбогдох албан тушаалтнууд тайлбар өгсөн юм.

Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Зайсангийн 11 дүгээр хорооны эцэст барьж байгаа МҮИС, “Универсаль” политехникийн коллежтэй холбоотой 3 га газрын асуудлаар оюутнууд жагсч байна. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд, улсын тусгай хамгаалалттай газрыг эзэмшүүлж, өмчлүүлдэггүй. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар таван жилээр ашиглах эрхтэйгээр газар олгодог.  Тэрнээс биш их дээд сургууль барьж болохгүй. Ийм эрх зүйн үндэслэл ч байхгүй. Тус газарт, газар ашиглах эрх авсан “Энигма” компани “Эко” буюу байгаль орчинд ээлтэй сургууль барих гэж байтал үйл ажиллагааг нь зогсоолоо гэж эсэргүүцээд байгаа юм. Бодит байдал дээр баталсан төлөвлөгөө, төсөл юу ч байхгүй.

Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэд Богд уул руу явган аялалд гарахаар очиход машин тавих газаргүй байна. Богд уулын бүсээс “Энигма” компанид 2003 онд 40.1 га газар олгосон байдаг. Энэхүү нийтийн эзэмшлийн талбайгаас гурван га газрыг нь чөлөөлж, явган хүний автозам, дугуйн зам, нийтийн бие газар, аялал жуулчлалын дагуух зам, хогийн сав зэргийг барихаар НИТХ-аар гурван тэрбум төгрөг 2016 оны төсөвт батлуулсан. Энэ газар бол нийтийн эзэмшлийн зогсоол болно. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг л төрөөс байгуулах гээд байгаа юм.Нийтийн эзэмшлийн талбайг төр ашиглах эрхтэй шүү дээ. Энэ хуулийн дагуу л бид асуудалд хандаж байна” гэлээ.

-Соёмботой уулыг нөхөн сэргээж эхэллээ-

Үүнээс гадна сүүлийн үед хэвлэлээр “Соёмботой уулыг ухаж эхэллээ” гэх мэдээлэл гараад буй. Тус уулын орчимд 2015 онд Н.Батцэрэг сайдын үед таван иргэнд газар олгосон байна. Гэтэл эдгээр газрыг иргэд компаниудын мэдэлд өгсөн байжээ. Тиймээс БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, газар эзэмших эрхийг нь цуцалсан байна. Ингээд газрын нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн аж.

Энэ асуудлаар БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар “2015 онд Зайсан орчмын уугуул, суугуул иргэд газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байна гэдэг асуудлыг тавьж байлаа. Үүний дагуу 2015 оны тавдугаар сард уугуул, суугуул иргэдэд газрыг нь эко, бичил аялал жуулчлалын зориулалтаар олгоё гэдэг тогтоол гаргасан юм.  Ирэх лхагва гарагт уг ажлын тайланг Засгийн газарт тавина. Зарим иргэд газраа компаниудад шилжүүлсэн тохиолдол гарсан. Зарим нь авто угаалгын газар барьсан байсан. Өөрөөр хэлбэл, газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил илэрсэн” гэв.

Соёмботой уулын бэлд иргэн Төгсжаргал амины орон сууцны хороолол барихаар газар ухаж байсан аж. Тиймээс тухайн иргэнийг газраа зориулалтын бусаар ашигласан хэмээн үйл ажиллагааг нь зогсоож, ийнхүү газар ашиглах эрхийг нь цуцалжээ.

Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа

Богдхан уулыг тойроод 2000 гаруй иргэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл авсан байдаг. Уг нь Богдхан уул Дархан цаазат газар. Тэр ч утгаараа тухайн бүсэд иргэд, аж ахуйн нэгжүүд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй. Гэвч зарим иргэн, компаниуд хууль зөрчин, барилга барих, баар цэнгээний газар ажиллуулах нь ихэссэн байна. Тиймээс эдгээр газруудтай хуулийн дагуу тэмцэж, газар ашиглах эрхийг нь эргэн харж, цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг БОАЖЯ-наас мэдэгдлээ.