Friday, March 29 2024

Гадаадын иргэн холбогдсон хэргүүдийг шийдвэрлэжээ

Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан, онц хүнд зарим хэргүүдийг энэ сард шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Хамтран амьдрагчаа, дөрвөн настай зээ дүүгийнх нь хамт заазуурдаж, хөнөөсөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Wurgun Tala-д холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн. Ингэхдээ хоёр хүний амийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн хэрэг үйлдэхийн зэрэгцээ насанд хүрээгүй Б-ын толгойд нэг удаа заазуурдан хүнд гэмтэл учруулж, амийг нь хөнөөхийг завдсан гэх хэрэгт буруутгаж, 25 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан юм.

Мөн БНСУ-ын иргэн Х нь холбогдох залилангийн хэргийг шүүхээр хэлэлцүүлж, шийдвэрлэжээ. Яллагдагч Х нь “Айрмаркет” ХХК-д интернетээр тооцоо хийсэн гэж хүмүүсийн онгоцны тийзний мөнгийг залилсан ба “Бусдад компаниа зарна” гэж нийт 109.243.375 төгрөгийг залилсан хэрэгт буруутгагдсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ сарын 10-нд хэлэлцэж, шийдвэрлэжээ. Тус шүүх Х-ээс 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, хэргийг 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Үүнээс гадна найман идлэг шонхор хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Украйн улсын иргэн А-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.Тодруулбал,  Украйн улсын иргэн А нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт Хилийн 44.2 дугаар тэмдэгтийн чиглэлээр буюу боомт бус газраар нийт 128 сая төгрөгөөр үнэлэгдэх найман идлэг шонхор шувуу улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэрэг үйлдсэн байна. 

Хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд хянан хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг Нийслэлийн прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ. Ингээд тус аймгийн давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхээр  энэ сарын 10-нд хэлэлцээд, эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Идлэг шонхор шувууг  ашиг олох зорилгоор хилээр нэвтрүүлэхийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор таван жилийн хугацаагаар хориглож, экологи эдийн засгийн үнэлгээг 16 сая төгрөгөөр тогтоосон байдаг юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: