Б.Чойжилсүрэн: Худалдаа хөгжлийн банк дампуурахгүй

Сошиалд өөрийнх нэрээр хуурамч хаяг ашиглан Худалдаа хөгжлийн банк дампуурсан гэх мэдээлэл тарасантай холбогдуулан залруулга хийж Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр, “Өчигдөр 16:30 цагийн үед Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэх хаягнаас Худалдаа хөгжлийн банк дампуурсан гэсэн пост явуулсан. Энэ мэдээлэлд няцаалт өгөх зорилгоор хэвлэлийнхэнд хандаж байна. Өчигдөр манай намын бүлэг хуралдаж, би хоёр асуудал танилцуулсан. Энэ үеэр арилжааны банкуудтай холбоотой  ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Бүлгийн хурлын ирц сайн байсан. Мөн бүлгийн ажлын албаныхан оролцсон байгаа. Тэд ийм зүйл яригдаагүй гэдгийг гэрчилнэ.

Энэ няцаалтыг хийх болсон шалтгаан нь банкны салбар өөрөө эмзэг. Иргэдийн итгэл дээр тогтдог салбар юм. Худалдаа хөгжлийн банк бол манай улсын томоохон арилжааны банкуудын нэг. Тус банкны талаар бүлгийн хурал дээр миний бие хуурамч хаягаар тарсанчлан мэдээллийг өгөөгүй болохыг албан ёсоор няцааж  байна” гэв.

Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

Худалдаа хөгжлийн банкин дээр Эрдэнэт  үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэртэй холбоотойгоор ажлын хэсэг гарч, шалгалт явуулж байгаа. Шалгалтын дүн хэзээ гарах юм бол?

-Худалдаа хөгжлийн банктай бол энэ асуудал хамааралгүй. УИХ-аас гаргасан тогтоолын дагуу хэлцэл хийх ажлууд явагдаж байгаа.

-Хуурамч хаягийг шалгуулахаар хүсэлт гаргасан уу?

-Тогтоогоогүй байна. Тагнуул болон цагдаагийн байгууллагад албан ёсоор өнөөдөр хандсан байгаа.

-Та сошиолд албан ёсны хаягтай юу?

-Би сошиал ертөнцөд албан ёсны хаяггүй. Сонгууль дөхөөд ирэхээр ийм хуурамч хаягууд гарч ирдэг. Тэдний нэг байх.

-Энэ мэдээлэлтэй холбоотойгоор банкинд сөрөг үр дагавар үүссэн болов уу?

-Манай яамны мэргэжилтнүүд Худалдаа хөгжлийн банктай холбогдсон байх. Залруулгыг өнөөдөр шуурхай хийсэн учраас бодит хохирол учраагүй гэдэгт итгэж байна. Монголбанкнаас авсан мэдээллээр бол Худалдаа хөгжлийн банк  арилжааны банкны бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангадаг  юм билээ.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours