Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг улс төрийн намын дарга, удирдлагуудад танилцуулах “Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулга хийсэн бөгөөд Үндсэн хуульд дараах өөрчлөлт оруулахаар Зөвлөлдөх хэлэлцүүлгээр дэмжсэн байна. Үүнд:

-УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно. /УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй ч Засгийн газраас оруулж ирсэн төсвийг бужигнуулаад байвал гол бодлого явахгүй/

-Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын томилгооны асуудлыг шийднэ. Ингэхдээ Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж, 72 цагийн дотор батламжилдаг байна. /Нэг талаас Ерөнхий сайд хэт эрх мэдэлтэй болохвий гэсэн айдас байгаа бол эерэг тал нь танхимын хариуцлагыг сайжруулах, эзэнжүүлэх, хариуцлага тооцдог болох боломжтой/

-УИХ-ын 76 гишүүний 19 буюу 4-ний 1 нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьбал огцруулна. Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана. Нэгт УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 3-ны 2-оос доошгүй нь үзсэн бол,

-УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас 30 хоногийн дотор, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах зарлиг гаргана.

-УИХ-ын эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах шаардлагын үүднээс УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ, дийлэнх олны саналаар хуулийг батална. Иргэдийн зүгээс хуулийг 20 хүн баталж байна гэсэн шүүмж гаргаж байгаа учир ийм заалт оруулахаар болжээ.

-УИХ-ын ээлжит чуулган жилд 2 удаа 75-аас доошгүй хоног хуралдана. /Одоо мөрдөгдөж буй хуульд 50-аас доошгүй хоног хэмээн хуульчилсан/

-Засгийн газрын 5 яамыг Үндсэн хуульд нэр заан тусгах санал олон хүний дэмжлэг авчээ. Засгийн газар нь нийт 12-13 яамтай байх бөгөөд үлдсэн 7 яамыг УИХ-д үлдээх аж. Нөгөө хувилбараар бүгдийг нь нэр заан Үндсэн хуульд оруулахаар ярилцаж байгаа бөгөөд ингэснээр төрийн эрх мэдэл тогтвортой байна гэж үзэж байгаа аж.

-Баг, хорооны Засаг даргыг Сум, дүүргийн Засаг дарга нь шууд томилдог болох.

-Орон нутгийн харьяалалтай хот, Дархан, Эрдэнэт, Чойр хотуудын статусын асуудлаар засаг захиргааны тусгай нэгж болгох гэх мэт өөрчлөлтүүд оруулах санал дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан танилцууллаа. Эдгээр саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл ХЭҮК-т явуулсан бөгөөд улс төрийн намуудад хүргүүлсэн аж. Нийт саналыг нэгтгэж дууссаны дараа эцэслэж, иргэдээс санал авч, хэлэлцүүлэн, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болбол Зөвлөлдөх санал асуулга заавал явуулах юм байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.