Шинэчилсэн найруулгын төсөлд гэрээсээ ажиллах зохицуулалтыг тусгажээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид,төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан  оролцож Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал бодлоо солилцсон юм.

Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлсэн үгэндээ “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас  хойш улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болж байгаагаас үүдэн уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа” гэв.

Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн тусгасан ба  эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, зайнаас буюу гэрээсээ ажиллах, бүтэн бус цагаар ажиллах, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны зохицуулалтуудыг тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгээс гарсан саналыг төсөлд нэгтгэн тусгаж, дараа дараагийн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

+ There are no comments

Add yours