2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж эхэллээ

 УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.30 цагт эхэлж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үдээс хойшхи чуулганы төгсгөлд танилцуулсан юм. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн 158 арга хэмжээнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоос 18.4 хувь буюу 29 арга хэмжээ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 72.3 хувь буюу 119 арга хэмжээ, бусад бодлогын баримт бичгээс 9.3 хувь буюу 10 арга хэмжээ тусгагджээ. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа хэмээн танилцуулсан юм.

Үндсэн чиглэлийн биелэлтийг бодлогоор нь авч үзвэл макро эдийн засгийн бодлогын арга хэмжээний биелэлт 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийн хөгжүүлэх бодлого 67,9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын арга хэмжээний биелэлт 64.6 хувьтай гарсан гэж Ерөнхий сайд хэлсэн.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцуулсан бөгөөд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд макро эдийн засгийн бодлого 64.3 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6 хувь, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9 хувь, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодпого, батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувийн хэрэгжилттэй гарсан нь үндсэн чиглэлд тусгагдсан бодлогууд хангалтгүй биелсэнийг харуулж байна” гэлээ.

Үндэсний аудитын газар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд гүйцэтгэлийн аудит хийж, тайлангаа УИХ-д ирүүлсэнээс нийт 158 арга хэмжээнээс бүрэн хэрэгжсэн 55, дутуу хэрэгжсэн 72, хэрэгжээгүй 31 буюу дунджаар 58.9 хувийн биелэлттэй байгаа тухай дурьдаад, үндсэн чиглэлийн зарим арга хэмжээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бодитой тооцож төлөвлөөгүй, санхүүжилтийн эх үүсвэр хүрэлцээгүй, цаг хугацааны хувьд нэг жилд хэрэгжүүлэх боломжгүй, бэлтгэл ажил хангагдаагүй, тооцоо судалгаа дутуу зорилт, арга хэмжээг төлөвлөсөн, хариуцан хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулсан ажлын үр дүн хангалтгүй, зарим зорилт, арга хэмжээг холбогдох журмын дагуу үнэлэх, тайлагнах талаар хангалтгүй ажилласан гэж үзсэнийг дурдлаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу УИХ-ын байнгын хороод хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд ирүүлжээ.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хороо Байнгын хороодоос ирүүлсэн дээрх санал, дүгнэлтийг хуралдаанаараа хэлэлцээд, цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэсэн санал, дүгнэлт гаргажээ.

+ There are no comments

Add yours